Япон улс Монгол Улсын Засгийн газарт 32 тэрбум иен буюу 283.3 сая ам.доллартай тэнцэх хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо.
Зээлийн гэрээнд өнөөдөр /2017.12.05/ Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар нар, Японы талаас ЖАЙКА байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч К.Кошикава гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж буй. Дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 жилийн хугацаанд төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг Япон улсын Засгийн газраас хэсэгчлэн өгөхөөр болсны санхүүжилтийн эхний ээлж нь дээрх 32 тэрбум иен юм байна.
Уг зээлийг “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл” хэмээн нэрлэж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тодотгосноор бол энэхүү 283,3 сая ам.доллартай тэнцэж буй зээл нэн хөнгөлөлттэй зээлд хамаарна. Нөхцөлийн тухайд зээлийн хүү жилийнх нь 0,8 хувь, урьдчилгаа шимтгэл 0,1 хувь бол эргэн төлөгдөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 6 жил аж.
1990-ээд оноос хойш Япон улс Монгол Улсын эдийн засгийн бүхий л салбарт тулгарч ирсэн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллаж иржээ.
Тухайлбал, 1991, 1993 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг импортлоход зориулж “Сommodity loan” буюу барааны зээл хэлбэрээр нийт 7,3 тэрбум иений зээлийг олгож байжээ. Энэхүү зээлийг хоол хүнс, нэн яаралтай тоног, төхөөрөмж болон нефтийн бүтээгдэхүүн импортлоход ашигласан аж. Мөн 2009, 2012 онуудад нийт 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений хөнгөлөлттэй зээлийг төсвийн зардлаа санхүүжүүлэхэд авч байжээ. Энэ удаагийн 5 дахь зээл нь ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцын хүрээнд болон Япон улсын Засгийн Газраас олгож байсан дэмжлэгээс хамгийн өндөр үнийн дүнтэй юм байна. Энэхүү зээл нь эдийн засгийг тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг эрчимжүүлэх, эдийн засгийг өсөлтийг дэмжих зэрэг төсвийн зардлыг санхүүжүүлэхэд ашиглагдах болно гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Г.ХОРОЛ