Гэтэл биднийг чин үнэнээр бол дарга нарыг ингэж будилж байх зуур цаагуур чинь “хүний хүүхдүүд” мөнгө босгоод байдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайтай хаяа залган оршдог Тавантолгойн ордын ердөө л дөрөвхөн хувийг эзэмшдэг “Энержи рессурс” хэмээх хувийн компанийнхан аль хэдийнэ нүүрс баяжуулах үйлдвэрээ байгуулчихсан. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгойнхон нүүрсээ 55-65 ам.доллараар борлуулна гэж байхад “хүний хүүхдүүд” угааж байжуулсан нүүрсээ нэг тонныг нь 150 ам.доллараар зарж борлуулж байна. Бүтэн нугалсан өндөр үнэ хүргэж чадаж байна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” ч гэсэн хэзээ нэгэн цагт баяжуулах үйлдвэрээ барьж босгоод өдий хэмжээнд мөнгө олдог болох байх гэж найдацгаая. Борлуулалтын гэрээний онцгой эрх дууссаны дараа … Монголчуудад яг үнэндээ бол эрх баригчдад мөнгө хэрэгтэй байсан учраас “Сalco”-гоос 250 сая ам.долларын урьдчилгаа авчихсан. Хэрэгтэй, шаардлагатай ч юу байх вэ дээ, гуйгаагүй байхад өгнө гэж амласан 21 мянган төгрөгөө тараах гэж ийн маргаашийн өөхөө -чоно”-нд тавьж өгөн байж урьдчилгаа авчихсан. Тэр нь одоо өлсгөлөн гэж эрх баригчид болоод улстөрчид нь бодоод байдаг иргэдийнх нь ходоодоор дамжаад хөрсөнд шингэх шатандаа явж байгаа. Харин ийн 21 мянган төгрөгний хярамцаг бэлтгэхийн тулд 5-6 жилийн турш Тавантолгойн нүүрсээ өөрсдөө толгой мэдэн зарж борлуулах эрхээ “Сalco” буюу БНХАУ-ын төрийн мэдлийн “Chanelco” компанид өгчихөөд байгаа билээ л, манай эрх баригчид… Баярын тухай бараан бодлууд гэдэг шиг Тавантолгойн тухай сайхан мэдээ сонсох бүрийд эрх баригчдын тэнэглэл баллуурдаж хаяаад, баллуурын “хар зураас” нь мартагдахгүй зовоогоод байх юм даа, яасан ч хэцүү юм бэ? Ямар ч гэсэн монголчуудын бүгдийнх нь хүсэл Тавантолгойн олборлолтыг зөв шийдэлтэйгээр түргэн эхлүүлээсэй гэсэн ганцхан цэгт зангилагдаж байгаа байх. Дээр дурдсанаар хувьцаагаа, бүр тэр тусмаа ахиу үр ашигтай хувьцаа авахыг хэн бүхэн хүсч байгаа болохоор. Мэдээж хэрэг хар бор хүнд хүчир ажлыг нь гардан хийж байгаа Засгийн газар болоод аман дээрээ ард түмэн гэж ярих дуртай хууль тогтоогчид ч бас ингэж л хүсч байгаа байх гэж найдацгаая. Харин Тавантолгойн асуудлыг одооных шигээ ингэж гацаасаар байх ахул үнэхээр тэд Тавантолгойг гацаах чин хүсэлтэй байж л гэж итгэхээс. Өөрөөр хэлбэл, чинхүү хүсэл тань байвал Тавантолгойн асуудлыг түргэвчлүүлээч ээ гэсэн гуйлтаа дахин талбия.
Эцэст нь чихэнд чимэгтэй байж болох ганц мэдээ дуулгахад Тавантолгойн монголчууд өөрсдөө олборлолтоо хийх хэсэгт операториар ажиллах компанийн нэрийг тун удахгүй зарлах бололтой. Анх
-Монголын “Жи Эм Эс Си” ХХК /Жамп компанийн групп/
-БНХАУ-ын Өвөрмонголын “Эрдос” хөрөнгө оруулалтын групп
-Өмнөд Солонгосын “Корес” консорциум /”Сalco”-гоор дамжуулан Зүүн Цанхийн нүүрсийг худалдан авах гэрээ хийгдсэн/
-БНХАУ-ын “Шанси Коул ” групп
-Монголын “Таван Толгой Транс” ХХК /Тавантолгойд одоо олборлолт хийж байгаа “жижиг” гэж нэршсэн орон нутаг болон хувийн хэвшлийн хамтарсан компани/
-Австралийн “Макмахон лимитэд”
-Монгол-Канадын хамтарсан “Кану” ХХК
-Германы “Би Би Эм Оперта” групп
-Авсралийн “Лейтон Ази” лимитэд /Одоо тус компани Ухаа худагийн уурхайд “Энержи ресурс” компанитай хамтран ажиллаж байгаа/
компаниуд тус тус саналаа ирүүлснээс гурван компани тунаж үлдэн “Макмахон лимитед”, “Би Би Эм Оперта” эцсийн саналаа ирүүлэн, хоорондоо яриа хэлэлцээр хийж байгаа. Тэд ерөнхийдөө хамтраж олборлогчоор ажиллахаар нэгдсэн саналд хүрээд байгаа учир тун удахгүй албан ёсоор зарлах байх гэж “Эрдэнэс МГЛ”-ийн захирал Б.Энэбиш хэлж байсан. Тийм учраас удахгүй Зүүн Цанхийн олборлолтыг австраличууд болон германчууд хамтран хийнэ гэдгийг зарлах бололтой.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин