Гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагыг тагнуулын агент хэмээн үзэх тухай хуулийг баталсантай холбоотойгоор гадаадын хэвлэлийн байгууллагуудыг бүртгэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хууль зүйн яамандаа даалгалаа.
Ерөнхийлөгч Владимир Путины зарлигийг Хууль зүйн яам цахим хуудсандаа өнгөрсөн даваа гаригт /2017.12.04/ байршуулсан байна.
ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хэвлэлийн байгууллагаас хэнийг тагнуул гэж үзэн жагсаалтаас хасч, ажиллах эрхийг нь цуцлах эрх мэдлийг шинэ хуулиар Хууль зүйн яаманд ногдож байгаа юм.
Хэвлэлийн байгууллагууд энэ долоо хоногоос бүртгүүлж эхлэх ажээ.
Энэхүү шинэ хууль нь Орост ажиллаж байгаа АНУ-ын есөн хэвлэлийн байгууллагад юун түрүүн хамаарч байгаа юм.
Холбогдох хуулийг Ерөнхийлөгч Владимир Путин арваннэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зуран хүчин төгөлдөр болгосон. Гадаадын хэвлэл мэдээллийн салбар нэгжүүд болон гадаадын улс орноос санхүүжилт авдаг хэвлэлийн байгууллагуудад энэ хууль үйлчлэх юм. Хуулийн үйлчлэлд хамаарч тагнуул статустай болсон хэвлэлийн байгууллагууд үйл ажиллагааныхаа тайланг тогтмол гаргаж, хууль зөрчсөн тохиолдолд хуулийн этгээдийг таван сая рубль, хувь хүнийг 100 мянган рублиэр торгох заалттай. Зөрчил давтагдсан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсооно.
АНУ-д ажилладаг Оросын зарим хэвлэлийн байгууллага, тухайлбал, англи хэл дээрх RT America телевизийн суваг, мөн Sputnik-ийг америкчууд гадаадын тагнуул хэмээн бүртгэсний хариу болгон оросууд энэ хуулийг баталсан.
Одоо Орост ажиллаж байгаа “Голос Америки”, “Кавказ.Реалии”, “Крым.Реалии”, “Сибирь.Реалии”, бүс нутгийг хамарсан төсөл болох “IdeL.Реалии”, “Настоящее Время” телевизийн суваг, ”Радио Свободная Европа/Радио Свобода (РСЕ/РС)”, Татар-Башкирын “Радио Свобода” (Azatliq Radiosi), мөн “Фактограф” төсөл энэ хуулийн дагуу гадаадын тагнуулын агентад тооцогдох боломжтой хэмээн Хууль зүйн яам өмнө нь мэдээлж байсан.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ