Замын-Үүд суманд амьдардаг, найман настай охин сураггүй алга болсноос хойш 33 хоногийн хугацаа өнгөрчээ. Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Эрлийн багийнхан Замын-Үүд сумын төв болоод ойролцоох бүх айл, барилга, байгууламжуудыг нэгжиж дууссан гэж үзэж байгаа учир зэргэлдээх аймаг, сумдын малчдынхаар явж байна гэж охины ээж Б.Хоролмаа ярилаа. Түүнтэй утсаар холбогдож, эрлийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Эрлийн ажиллагаанд хүмүүс нэмэгдсэн болов уу?
-Улаанбаатар хотоос цагдаагийн нэмэлт хүч ирсэн. Замын-Үүд сумаа самнаж дууссан. Цагдаа нараас гадна онцгой, хил, гаалийнхан ч эрлийн багт нэгдэж, бидэнд тусалж байгаа. Тэд нар уг нь их сайн ажиллаж байгаа ч охины минь сураг гараагүй л байна.
-Бөө, зурхайч, үзмэрч нар охины талаар харсан зүйлсээ бичиж, сошиалд нийтэлсэн байсан. Та тэдэнтэй холбогдож үзсэн үү. Ийм зүйлд итгэж, үзүүлэхийг зөвлөх хүмүүс нилээд байгаа харагдсан?
-Охин гэрээсээ гараад нэг сар гурван хоног өнгөрлөө. Аав нь найз, нөхөдтэйгөө нийлээд сахиусаа буулгаж байгаа. Сайн дураараа ирж, охиныг минь хаана байгааг хэлж ярих үзмэрч, бөө нартай уулзсан. Зөнчдийн хэлснээр бол охин минь амьд байна гэсэн. Хөдөө айлд нуугаад байна гэж мэргэд буулгаж байгаа. Баруун урагшаа эсвэл зүүн хойшоо гэсэн ерөнхий зураг гарсан. Тэгэхээр Өмнөговь, Сүхбаатар аймагт байх магадлалтай. Гэхдээ яг аль суманд, ямар нэртэй газар вэ гэдэг нь ерөөсөө зөнчдийн мэргэд харагдахгүй, буухгүй байна гэнэ. Цаанаас нь хаагаад байна гэсэн л тайлбар хийсэн. Магадгүй охиныг минь тас хориод, бөөгийн үйл үйлдээд байгаа юм болов уу ч гэж бодох боллоо. Нэгэнт та нартай холбогдсоных, ард түмнээсээ мэргэч Санхүү гэдэг хүнтэй холбоо тогтоож өгөөч гэж аминчлан гуймаар байна. Улаанбаатар хотод Зайсан орчимд л амьдардаг юм шиг байна. Зайсангийнхан бол анддаггүй гэсэн. Энэ хүнтэй уулзаж, охиноо үзүүлж харуулмаар санагдаад хэд хонож байна. Аргаа барсан эх хүний л бодол, хүсэл юм даа.