Тавдугаар сарын 1-ний шөнийн 12 цагийн эхээр Афганистаны зүүн нутгийн Жалалабад хотын цэргийн нисэх буудлаас MH-60 Black Hawk загварын хоёр нисдэг тэрэг хөөрч Осама бин Ладеныг устгах нууц даалгавараа биелүүлэхээр Пакистаны зүг нислээ. Тэдний дотор албан ёсоор DEVGRU-АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны ажиллагаа явуулах хэрэгсэл ба тусгай арга боловсруулах хэсэг нэртэй “Далайн муурнууд” ба “Отряд 6” ангийн 23 тусгай албан хаагчид байв. Дайчдын хамт орчуулагч АНУ-ын иргэн пакистан түүнийг Ахмед гэж нэрлэе, мөн Каир нэртэй бельги овчарк-малинуа нохой явжээ.
Шөнө саргүй, шөнийн харах төхөөрөмжтэй нисгэгчид нь гэрлээ асаалгүйгээр нисдэг тэргүүдээ Пакистаны хилийн зүг заллаа. Радио холбоо бараг хэрэглэгдээгүй ба машинууд дотор чимээ аниргүй дүнсгэр. Нисдэг тэрэгнүүд 15 минутын дараа уулын хөндийгөөр Пакистаны агаарын орон зайд орж ирэв. Сүүлийн зургаан жилийн турш нутгийн цэргийнхэн зүүн хөрш Энэтхэгийн хилийн хичээнгүйлэн сахиж байгаа. Тиймээс ч “Зөрөлдөн тулсан илдүүд: Пакистан ба түүний арми ба дотоод сөргөлдөөн” номын зохиогч Шужи Навазын хэлснээр “Агаараас эсэргүүцэн хамгаалах гол хүч нь зүүн хэсэгтээ төвлөрсөн ажээ”. Энэ санааг Пакистаны өндөр тушаалын албан хаагчид ба цэргийнхэн хуваалцаж байгаа. Гэхдээ Рабалпиндид надтай ярилцсан тус орны цэргийн удирдлагын нэгэн төлөөлөгч үүнтэй санал нийлэхгүй байв. Түүний хэлснээр “хилийг мэдэгдэлгүй даваж болохгүй” гэнэ. Пакистаны радарууд хаана байдаг хаашаа чиглэгдсэнийг тэр тодруулахаас татгалзлаа. “Учир утга нь хаана радар байгаа, хаана байхгүй гэдэгтээ биш” хэмээн тэр онцлов. Түүний үзэж байгаагаар америкчууд улс оронд амжилттай нэвтэрсэн нь “АНУ-ын техникийн давуу талын үр дүн” ажээ.
“Шөнийн мөрдөгчид” гэж нэрлэгдсэн 160 дугаар нисэх хорооны нисгэгчдийн жолоосон машинууд нь Black Hawk-ийн сайжруулагдсан хувилбарууд юм. Тэдний ярьж байгаагаар бол техникийн өөрчлөлтөөр дулааны ялгарлыг бууруулсан ба дуу чимээ багатай болгон машинуудыг мэдэгдэхээргүй болгож чадсан байв. Хоёр нисдэг тэрэг өнцөг булантэй хэлбэр бүхий радио долгионыг шингээх тусгай материалаар бүрэгдсэн байна.
“Далайн муурнуудын” очих газар нь Пакистаны нийслэл Исламабадаас хойд зүгт, Пир-Пенжал нурууны бэлд, хилээс 160 км-ийн зайтай жижигхэн хот Абботтабад байв. Зуны халуунаас аврал хайсан өмнөд нутгийнхан тийшээ гэр бүлээрээ очдог. Британийн хошууч Жеймс Аббот 1853 онд Абботтабад хотыг үндэслэжээ. Хожим 1947 онд байгуулагдсан Пакистаны эрх баригчид тэнд цэргийн нэр хүндтэй сургуулийг байгуулсан байлаа. Тагнуулын төв газрын мэдээгээр гурван давхарт нь бин Ладены нуугдаж байсан байшин нь цэргийн сургалтын төвөөс ойролцоогоор километрийн зайтай. Байгууламж нь дунд гарын чинээлэг хүмүүс амьдардаг Билал-Тауны районд Какул гэх авто замын дэргэд байсан ба нэг акр талбайг эзэлж байв. Төлөвлөгөөний дагуу тусгай хүчний дайчид нисдэг тэрэгнээс байрны хашаанд бууж бин Ладены хамгаалалтыгжагсаалаас гаргасны дараа түүнийг өөрийг нь шууд буудан устгаад цогцсыг нь Афганистанд авчрах ёстой байв.
Нисдэг тэрэгнүүд Пакистаны долоон омгийн нэгийн нутаг дэвсгэр Момандын дээгүүр нисэн Пешеварыг хойд талаас нь тойроод зүүн тийш нисэж байлаа. DEVGRU Улаан эскадрилийн дарга түүнийг Жеймс гэе, 10 дайчдынхаа хамт Ахмед, Каир хоёртой зэрэгцэн шалан дээр суужээ (тусгай ажиллагаанд оролцогсдын нэрийг өөрчилсөн байгаа). Гучин настай Жеймс гоолин “далайн муурнууд”-тай огт адилгүй өргөн чээжээрээ зэрэнцэг шидэгч тамирчинг санагдуулж байв. Тэр шөнө тэрээр өнгөлөн далдлах зориулалтын цамц, өмдөөр хувцаслажээ. Жеймс дуу намдаагчтай SIG-Sauer P226 гар буу, нэмэлт дайз, нөөц ус ба хүч оруулах гелтай CamelBak үүргэвч авсан байв. Түүний бүсэнд эмийн сан нь бэхлэгдаж, гартаа богино голтой, дуу намдаагчтай Т4 автомат (бусад нь Heckler & Koch MP7 автоматыг илүүд үзсэн байв) барьжээ. Түүний нэг халаасанд нь Бин Ладены байшингийн зураг, нөгөө халаасанд нь байшинд байж болох хүмүүсийн гэрэл зураг, “Сэтгэл зүйн зураглал” гэсэн товхимол байлаа. Даргын толгойд дуу чимээний эсрэг чихэвч зүүгдсэн байсан нь зүрхний цохилтоос нь бусад дуу авиаг дарна.
Нислэг үргэлжилсэн бүтэн хагас цагийн дотор Жеймс ба түүний албаныхан ажиллагааны төлөвлөгөөг дахин дахин дотроо давтаж явлаа. Алба нь тэднийг 2001 оноос хойш Афганистанд, Иракт, Йеменд, Африкийн орнуудад явуулж байлаа. Тэднээс наад зах нь гурван хүн “Маерск Алабама” хөлгийн ахмад Ричард Филлипсийг чөлөөлөх нарийн ажиллагааг Сомалийн эрэгт явуулахад оролцож байв. Тэр ажиллагаагаар ахмадыг чөлөөлөн гурван далайн дээрэмчинг устгасан байлаа. DEVGRU отряд 2010 оны аравдугаар сард Афганистан зүүн хэсэгт талибуудад барьцаалагдсан буяны байгууллагын ажилтан шотланд эмэгтэй Линда Норгроувыг чөлөөлөхөөр оролдсон юм. Дайрах ажиллагааны үеэр “далайн муурнуудын” нэг нь дайчдын дунд гар бөмбөг шидэхдээ тэдний хажууд Норгроув байгааг анзаарсангүйгээс тэр эмэгтэй дэлбэрэлтэд өртөн амиа алдсан юм. Тусгай албаныхан өөрсдийн энэ алдаагаа удтал санаж явлаа.
Пакистанд тэд бас орж байв. “Далайн муурнууд” тэр оронд 10-12 ажиллагааг явуулсан гэж тэдний аяныг сайн мэдэх нэг дайчин ярьж байна. Тэдний ихэнх ажиллагааг Өмнөд ба Хойд Вазирстанд явуулсан байна. Тагнуулын мэдээгээр тэнд бин Ладен ба “Аль-Каидагийн” бусад гишүүд нуугдан орогнож байв (Хэвлэлээр 2008 оны есдүгээр сард Өмнөд Вазирстаны Ангур-Ада тосгонд хийгдсэн ажиллагааг л өргөнөөр бичжээ). Ер нь бол тэдэнд Пакистаны гүнд ингэж гүнзгий нэвтэрсэн тохиолдол байсангүй. Тусгай ажиллагааны Нэгдсэн командлалаас (JSOC) “Коленвал”-гэж бин Ладены нэрийг кодлосон өнөөгийн энэ ажиллагааны оролдлого нь 2001 оны өвлөөс хойших хамгийн ноцтой нь болж байна. Тэр өвөл террористыг Зүүн Афганы Тора-Бора бүсээс барих гэсэн ба тэр нуугдаж чадсан юм. Тэр цагаас хойш бин Ладеныг мөрдөн хайх нь амжилтгүй байлаа. Тэр эцсийн дүнд нь хэрхэн Абботтабадад суурьшсан нь огт ойлгомжгүй хэвээр.
Black Hawk нислэгт гарснаас 45 минутын дараа Желалабадын тэр нисэх буудлаас дөрвөн нисдэг тэрэг MH-47 Chinook хөөрлөө. Тэдний хоёр нь хил нэвтрэлгүй ойролцоо нь буусан байна. Хоёр нь цааш Пакистаны гүн рүү нислээ. Тэднийг нислэг шийдвэрийг ерөнхийлөгч Барак Обамагийн шаардлагаар сүүлчийн эгшинд гаргажээ. Төрийн тэргүүн америкчуудад “Пакистанаас мултран гарах” боломжийг хангахаар давхар баталгаа гаргасан нь тэр байлаа. Хил дээр үлдсэн хоёр нисдэг тэргэнд Афганистанд байрлах эскадрильд хамаарагдсан DEVGRU-ийн 25 дайчид байв. Энэ “шуурхай ажиллагааны отряд” нь хэрэг явдал өөрөөр эргэвэл ажиллагааг үргэлжлүүлэх зорилготой байжээ. Гурав ба дөрөв дэх Chinook нисдэг тэрэгт хурдан буудлагатай M134 Minigun пулёметууд ачигдсан байв. Тэд эхлээд Black Hawk-ийн замыг давтан нисч байгаад Баруун хойд Пакистаны эзгүй хөндийн ширгэсэн голын гольдрилд урдаас төлөвлөсөн цэгт газарджээ. Тэдэнд хамгийн ойр байшин км гаруй зайтай байсан юм. Машиныг буулгаад нисгэгчид нь хөдөлгүүрээ унтраасангүй хүлээв. Дотор нь байсан дайчид Пакистаны нисдэг тэрэгнүүд эсвэл сөнөөгч онгоцнуудыг гарч ирэхийг мөрдөн ажиглаж байлаа. Нэг Chinook-т нь шатахууны нэмэлт сав ачсан ба хэрэг гарвал машинуудыг шатахуунаар цэнэглэх боломжтой байв.
Тэр цагаар хоёр Black Hawk, Абботтабадын хойт уулсаар халхлагдан нуудсаар хотод хурдан ойртож байлаа. Нисгэгчид баруун талаа барин машинуудаа өмнө зүг эргүүлэн Абботтабадыг зүнээс нь хүрээлсэн уулын дагуу нисэв. Толгод дууссаны дараа тэд дахин баруун тийш эргэн нислэгийн сүүлийн хэсэгт нь хотын төв рүү нислээ. Дараагийн дөрвөн минутад нь Black Hawk дотор цэнэглэгдэж байгаа буу зэвсгийн төмөр хавилдах чимээ л сонсогдоно. Эхний нисдэг тэрэгний онгорхой хаалганы дэргэд мастер бөгөөд гол ахлагч, отрядын дарга Марк суужээ. Бээлий, шөнийн харах төхөөрөмж өмссөн тэр ба түүний 11 дайчид трос буулгах командыг хүлээн бин Ладены байрны хашаанд буухаар бэлтгэсэн байлаа. Гэвч байрны дээр зогсоод доошилж эхэлсэн эхний нисдэг тэрэгний нисгэгч машиныг баруун тийш нь агаарын урсгал авч явааг мэдэрлээ. Ослоос гарах аргагүй байв.
2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг сарын өмнө тэр үед сенатор байсан Обама Нэшвилийн Бельмонтын их сургууль дээр Жон Маккейнтай халз маргаан хийж байх үеэр үзэгч нэгэн эмэгтэй асуултад хариулсан юм. Тэр цагт “тэнд” нуугдаж байгаа “Аль-Каидагийн” лидерүүдийг устгахын тулд Пакистанд нэвтрэн ороход бэлэн байна уу?” гэсэн асуудал иржээ. Хариуд нь сенатор хэлэхдээ “Хэрэв бид бин Ладеныг мөрдөн мөшгөж оллоо гэхэд Пакистаны Засгийн газартүүнтэй холбогдохыг хүсэхгүй буюу чадахгүй бол бид өөрсдөө түүнийг устгах хэрэгтэй гэж би бодож байна. Бид бин Ладеныг устгана. Бид “Аль-Каидаг” сүйрүүлнэ. Энэ нь бидний аюулгүй байдлын бодлогын гол чиглэл байх болно” гэсэн юм. Гадаад бодлогодоо хэтэрхий гэнэн гэж Обамаг байнга шахуу хэлж байсан Маккейн түүний амлалтыг тэнэг гээд “Би бол өөрийн эрмэлзлэлээ үзүүлээд байхгүй байсан” гэж нэмэн хэлсэн байлаа.
Ш.МЯГМАР