2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Калифорн мужийн Анахайм хотноо өндөрлөх дөхөж байна. Өчигдрөөс эхлэн хүнд жингийн тэмцээн эхэллээ.
Эмэгтэйчүүдийн 90 кг-д өрсөлдсөн Э.Билэгсайхан огцомоор 80 кг, түлхэлтээр 105 кг, нийлбэрээр 185 кг-ыг өргөсөн байна. Манай тамирчны мөр нь өвдөж, дээшээ өргөж чадаагүй байна. Энэ жинд Гүржийн Анастасиа Хоприд 265 кг-аар /120+145/ алтан медаль хүртсэн бол Чилийн Валдес Парис Мариа Фернанда /255 кг/, Доминиканы Сантана Пегуро /254 кг/ нар мөнгө, хүрэл медалийг хүртэв.
Э.Билэгсайхан 2017 оны Азийн залуучуудын аварга болох үедээ огцомоор 91 кг, түлхэлтээр 102 кг-ыг өргөж байсан юм. Энэ удаагийн тэмцээнд тэрбээр өмнөх амжилтаа ахиулж чадсангүй.
Энэ жил 19 настай Э.Билэгсайхан 2015 оны дэлхийн аваргад анх өрсөлдөхдөө 75 кг-д өрсөлдөж байсан бөгөөд одоо 90 кг-д хүч үзэж байна.
2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан нар оролцлоо. Манай тамирчдаас М.Анхцэцэг 75 кг-д огцом өргөлтөөр 107 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртсэн юм. Түүний хувьд Монголын туйванчдаас анхлан дэлхийн аваргын медальтан боллоо.
68 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө.
Манай тамирчид дэлхийн аваргын дараа болох Америкийн нээлттэй тэмцээнд оролцож, эх орондоо ирэх юм байна.
Ч.БОЛОР