Oйр дотныхон нь бурхан болоочдоо аль болох сүүлийнх нь замд хүндэтгэлтэй үдэж буяны ажлыг үйлдэхдээ амгалан тайван байлгах үүднээс ханддаг. Гэтэл юун хүндэтгэл. Сүүлчийнх нь замд үдэх өглөөнөө бурхан болоочийн шарилыг нэг бол шарил хадгалах хөлдөөгчний шалан дээрээс, эсвэл давхарлан хураасан цогцсон дундаас гаргаж авдаг болсон гэнэ. Энэ нь таатай байхгүй нь мэдээж. Задлан шинжилгээний дараах энгэр цээжийг нь ил задгай орхисон гэх мэт зах замбараагүй дүр зураг үнэндээ жихүүцмээр байх аж.
Нийслэлийн хэмжээнд жилд 5800-6500, сард 450-600, долоо хоногт 110-150 хүн нас бардаг гэсэн тооцоо, судалгаа байдаг хэдий боловч хэн болох нь тогтоогдохгүйгээр олон сарыг тус газарт өнгөрөөх хэн нэгний ч цогцос байдаг бололтой. Нөгөө талаар өглөө бүр шарил хадгалах газрын үүдэнд дугаарлан зогсох иргэдийн урт цуваа үргэлжилж, зөрөх боломжгүй нарийн замын хавчигт бачимдах нь олонтаа. Энэ бүхний гол зангилаа нь газрын асуудал. Шүүх эмнэлэгийн барилга өдрөөс өдөрт сүндэрлэн тэлж, бурхан болоочдоо оруулж, гаргах зам ч үгүй, жим ч үгүй болох бололтой дог оо.
Өчнөөн олон худалдааны төв, баар цэнгээний газар, зочид буудал сүндэрлүүлэхэд хотын төвийн “А” зэрэглэлийн бүс тэр чигээрээ зориулагдаад байгаа атал төрийн эзэмшлийн буюу нийтэд хэрэгцээ бүхий үйлчилгээний газруудын байр орчноо өргөтгөхөд нь алга дарам газар ч олдохгүй байгаа нь нүднээ ил. Яг ийм шалтгаанаар Улсын клиникийн төв эмнэлгийн харъяа шарил хадгалах газрыг шүүх эмнэлэгтэй хамтран эзэмшүүлэхээр болгосноос дээрхи асуудал үүдэлтэй. Шүүх эмнэлэг нь томорсоор байгаа атал шарил хадгалах газрын багтаамж ч тэр хэмжээгээр жижгэрсэн хэрэг. Тухайн газрын үйл ажиллагааны хариуцлага, зохион байгуулалтын асуудлаархи бүрэн эрхийг шүүх эмнэлэгт гэрээний дагуу шилжүүлсэн гэж ярьцгаах юм. Гэрээнд зааснаар бол клиник эмнэлгийн магадлагаатай бүхий л шарилыг тус эмнэлгийн ард байрлах Под-анатомийн товчоогоор дамжуулан хадгалах, хөргөх үйлчилгээг үзүүлэхээр заасан байдаг хэдий боловч сүүлийн өдрүүдэд гэрээг зөрчих байдал олонтаа гарч байгаа аж. Тиймээс өдөр, сар, цагийн сайныг хүлээгсэд бурхан болоочдоо хаана хадгалах учраа олохгүй тэвдэх болж. Учрыг лавлавал шүүхийн доод тушаалын албан хаагчид нь давуу эрхээ ашиглан гаднаас дураар шарил оруулах нь ихэссэнээс дээрх нөхцөл байдал үүссэн гэнэ. Дураараа гаднаас цогцос оруулах болсон нь ч илэрч, удирдлагууд нь хяналт тавиад эхэлсэн байна. Энэхүү байдалд улсын клиникийн төв эмнэлэгээс энэхүү алдааг дахин давтахгүй байх, цаашид гэрээний дагуу ажиллах талаар анхааруулсан шаардах хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн удирдлагуудад хүргүүлээд байгаа гэнэ. Юмны эзэн, сумны занги гэдэг үүднээс иймэрхүү шийдвэр гаргалгүй ч яахав дээ. Гэхдээ л хоёр талууд ойлголцолд хүрэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хотын удирдлагууд байр савыг нь томсгох, хүчин чадлыг сайжруулах талаар онцгойлон анхаарахгүй бол талийгаачдын замыг өмхий ханхалсан зоориноос эхлүүлэхдээ тулахаар цаг ойрхон байгаа бус уу. Дээрхийн адилаар 2007 онд Хавдар судлалын үндэсний төвийн шарил хадгалах байрны замыг мөн л хааж шинээр барилга байгууламж барьж байна гэх шүүмжлэл гарч байсан удаатай. Шүүмжлэл газар авалгүй замхарч өнөөх барилгын эзэн барилгаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа гэх. Энэ мэтээр үхсэн хүн үг хэлэх биш гэсэн аятай нийслэлд буй цөөхөн хэдэн шарил хадгалах газруудын эзэмшил жилээс жилд танагдсаар байх уу, яах вэ хүмүүс ээ.