З.Энхболд: 125 хууль зөрчсөн хөрөнгө оруулалт нэмсэн байна

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

З.Энхболд: 125 хууль зөрчсөн хөрөнгө оруулалт нэмсэн байна

З.Энхболд: 125 хууль зөрчсөн хөрөнгө оруулалт нэмсэн байна

УИХ-ын баталсан ирэх 2018 оны төсвийн зарлагын хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хориг тавьсантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавилаа. Улсын төсвийн орлого 5,2 их наяд, зарлага нь 7,7 их наяд, алдагдал нь 2,5 их наяд төгрөгт хүрч байгаа. Энэ төсвийг хариуцлагагүй гэж үзэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн төсвийн орлого, зарлагыг харахад хамгийн их зарлага 5,2 их наяд төгрөг байсан. Иймээс зарлагаа танах шаардлага байна. Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хууль зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Хөгжлийн банкны зарцуулсан мөнгө болон Төрийн банкнаас “Сайн” хөтөлбөр нэрээр иргэд, аж ахуй нэгжид олгосон арилжааны зээлүүдийг нэмж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 14,3 хувьд хүргэсэн. Энэ бол хууль бус нэмэлт юм. Үүнийг УИХ залруулах ёстой. 

Эдийн засаг хүндэрсэн гэдэг шалтгаанаар иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг УИХ гаргасан. Ингэхдээ төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгахгүй явсаар өдийг хүрлээ. Тухайлбал, долоон төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргахын оронд зарлагаа бууруулах боломж байсан. 

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдэж байна. Анх удаа орлогоо нэмэгдүүлэх боломж олдож байна. 

Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардал өнгөрсөн оныхоос 475 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал 129,9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалаа цомхон болгох шаардлагатай.

Төсвийн хэлэлцүүлгийн үед 58 тэрбум төгрөгийн өртөг бүхий 125 төрлийн хууль зөрчсөн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Үүнийг УИХ-ын гишүүний 3 тэрбум гэж олон нийт нэрлэж байна. Шинээр 67 барилга барихаар 20,2 тэрбум төсөвлөсөн байна. Харин санхүүжүүлэх өртөг нэмэгдсэн 58 объект байна. 

Төсвийн алдагдлыг нөхөхдөө нэг бол гадаадын банк эсвэл дотоодын банкнаас зээл авна. Дотоодын банкнаас зээл авсан тохиолдолд 2,5 их наяд төгрөгийн хомсдол үүснэ. Мөнгө хомсдоод ирэхээр зээл хомсдож, аж ахуй нэгж бүтээн байгуулалт хийж чадахгүйд хүрнэ. Харин улсын төсвийн алдагдлыг бууруулж чадвал тэр хэмжээгээр зээлийн эх үүсвэр банкуудад үлдэж, банкны зээлийн хүү буурах магадлалтай. Ийм хэмжээний мөнгө банкуудад үлдэхээр банкууд зээлийн хүүг бууруулах, хувийн хэвшил тэлэх боломж олгоно гэж Ерөнхийлөгч үзэж байна. 

Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд  хэсэгчлэн хориг тавьж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн юм.  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж