Нууцаас гарсан материалыг нууцаас гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Нууцаас гарсан материалыг нууцаас гаргажээ

Нууцаас гарсан материалыг нууцаас гаргажээ

Ц.Нямдорж. Төрийн ордон. 2017.12.01

Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/-ийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаарх хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргахаа сайд болсныхоо дараа амлаж байсан билээ.

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял шийтгэл авсан гурван хүнтэй холбоотой хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргах УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн саналыг Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргасан. Энэ талаар  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Улсын Дээд шүүхээс 24-25 жилийн ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбоотой хавтаст хэргийн 14 мянга 926 хуудас материалыг хэсэгчлэн нууцаас гаргаж байгааг зарласан юм.

 

 

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн төрийн нууцаас гаргасан гэж буй эрүүгийн 830142 дугаартай хавтаст хэргийн 14 мянга 926 хуудас материалыг өнгөрсөн хавар буюу 2017 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвшөөрөл, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга Б.Хурцын шийдвэрийн дагуу нууцын зэрэглэлээс хассан байжээ.

Төрийн нууцын тухай хуулийн 21.4-т зааснаар /…Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд…/ Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн үеийн ТЕГ-ын даргын гаргасан саналыг үндэслэж төрийн нууцыг ил болгох эсэхийг шийддэг байна. 

Уг хуульд зааснаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан, тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нь Т.Чимгээ нарт холбогдох хэргийн 17 хавтаст баримтын 74 хуудас материалаас бусдыг нь төрийн хамгаалалтаас гаргах саналыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид тавьжээ. Ингээд нийт 60 хавтаст хэргээс 14 мянга 926 хуудсыг нууцын зэрэглэлээс 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр гаргасан тухай албаны хүн мэдээллээ.

Ял авсан хүмүүс С.Зоригийг хөнөөснийг батлах нотлох баримтын 14 мянга 926 хуудас материал одоо ТЕГ-ын архивын газарт хадгалагдаж буй юм.   

Нууцын зэрэглэлээс гараад есөн сар орчим болоод буй дээрх материалын хадгалалтын статусыг өөрчилж, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлнэ гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн. Ц.Нямдорж хэргийг нууцаас гаргаснаар хавтаст хэрэгтэй танилцан, яллагдагчдын өмгөөлөгчид хэргийн талаар мэдээлэл хийх эрхтэй болсныг ч хэлж байлаа. 

Хэдийгээр Ерөнхийлөгчийн зөвшөөрөлтэйгөөр хэргийн зарим хуудас материал төрийн нууцаас гарсан ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нууцад хамаарсан хэвээр байгааг албаны эх сурвалж онцлов. 

Энэ нь прокурорын зөвшөөрөлгүйгээр хэн ч төрийн хамгаалалтаас гарсан 14 мянга 926 хуудас материалыг нийтэд задруулж болохгүй гэсэн үг юм. Хэрэв мөрдөгч, шүүгч, прокурорын зөвшөөрөлгүйгээр санаатай болон санамсаргүйгээр хавтаст хэрэгтэй танилцаж, уншсан хүн материалыг задалбал Эрүүгийн шинэ хуулийн 21.9-т зааснаар торгуулж, 727 цагийн албадан ажил хийх шийтгэлтэй.

Тэгэхээр С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүдтэй холбогдох хэргийн материал Төрийн хамгаалалт, нууцын зэргээс гарсан ч яллагдагчийн ар гэр, өмгөөлөгч гээд хавтаст хэргийг үзэж, харахыг хүссэн хүн бүхэн уг материалтай танилцах эрхгүй аж.

Харин есөн сарын өмнө Ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр аль хэдийнэ төрийн хамгаалалт, нууцаас гарсан материалыг ‘нууцаас гаргасан’ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайдын зорилго юу вэ гэдэг асуулт эндээс тавигдаж байна. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гарын үсэгтэй баримт

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гарын үсэгтэй баримт

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж