“Боловсрол суваг” телевизээр цацагдсан “Яг түүн шиг II” шоуны шилдэг оролцогчийн нэг С.Гантогоо хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай хамтран ажиллахаар болжээ. Уран бүтээлчдийн арын албыг “Монгол контент” компани хариуцан ажиллах аж. Өмнөд Солонгост олон жил амьдарсан дуучин С.Гантогоо ийн эх орондоо хийх өөрийн бие даасан уран бүтээлийн ажилдаа орж байна.
С.Гантогоо арваад жилийн өмнө БНСУ-д үйлдвэрийн гэрээт ажилтнаар ажиллахаар явсан ч олон улсын уран бүтээлчдийн “Монтант” байгууллагатай гэрээ байгуулж чадсан юм. Монголчуудаас илүүтэй солонгосчуудад танил болсон түүнийг “Яг түүн шиг II” шоунд урьсан нь эх орондоо уран бүтээлээ хийх боломжийг нээж өгсөн.
“Яг түүн шиг II” шоуны финалын шалгаруулалтын үеэр дуучин Т.Ариунаа “Монголын рок, попын урлагтай тавтай морил Гантогоо” гэж хэлсэн нь түүнд урам зориг өгсөн тухай залуу уран бүтээлч нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.
Ч.БОЛ