Мартагдсан том төслүүд

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Мартагдсан том төслүүд

Мартагдсан том төслүүд

Улс төрийн намуудын 20 жилийн амлалт, үе, үеийн УИХ, Засгийн газрын шийдвэр хэрэгжсэн бол Монголд өнөөдөр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон, Эгийн голын усан цахилгаан станцаар эрчим хүчээ хангасан,  чөлөөт бүсүүд “амилсан”, эдийн засгийн хувьд бие даасан орны нэг болох байв. Гэвч нэг ч төсөл хэрэгжээгүй, харин энэ хугацаанд төсөл бүр дээр Засгийн газар өөр өөр шийдвэр гаргасаар иржээ.


ДОРНОДОД НЕФТИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ ЧАДАХ УУ?

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990-ээд оны эхэн үед Тамсагийн талбайгаас олгойдсон түүхий нефтээр цагаан дээлнийхээ энгэрийг мялааснаас хойш 20 жил, Засгийн газарт газрын тос боловсруулах анхны үйлдвэр байгуулах санал ирснээс хойш 17 жил өнгөрчээ. Тодруулбал, 2000 онд Ашигт малтмал, газрын тосны газарт анхны газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах санал ирсэн аж.

Үүнээс хойш нийт 17 компани Ашигт малтмал, газрын тосны газарт нефть боловсруулах үйлдвэр байгуулах санал ирүүлснээс “Хэт” компанийн ажил хамгийн урагштай нь байжээ. Тус компани Дорнод аймгийн Булган суманд 120 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар бэлтгэл хангасан ч тусгай зөвшөөрөл авч чадаагүй аж.

Мөн УИХ-аас 2010 онд Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барих даалгаврыг Засгийн газарт өгчээ. Нийт 600 сая ам.долларын санхүүжилт шаардсан төсөл байсан аж. Үйлдвэр жилд хоёр сая тонн нефть боловс­руулна. Гэвч түүхий эдээ ОХУ-аас импортоор авах байсан нь төсөл зогсонги байдалд орох хамгийн том шалтгаан болжээ.

Гурав дахь санаачилгыг 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргав. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жилдээ 2.3 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэжээ. Түүхий эдээ Дорнод аймгаас татна.

Хөрөнгө оруулагчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад Монгол-Канад, Монгол-Англи, Монгол-Хятад, СРР-МАХ /Монгол-Хятадын хамтарсан/ консерциум орж ирснийг тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 2016 оны дөрөвдүгээр сард мэдээлж байжээ. Гэвч энэ төсөл бас л зогсчээ.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдан ажилласнаар 2017 оны гуравдугаар сарын 20-нд газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж, 100 хувь төрийн өмчит компани байгуулах шийдвэр гаргасан байна. Нефть боловсруулах үйлдвэрийг Дорнод аймагт байгуулна. Энэтхэг улсаас авах 1 тэрбум ам.долларын санхүүжилтээр төслийг хэрэгжүүлнэ гэж тооцож байна. Гэвч дахиад бүтэлгүйтэх вий гэдэг болгоомжлол араасаа дагуулсаар.

25 ЖИЛИЙН НАСТАЙ ТӨСӨЛ

Эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг болохын тулд Засгийн газар 1990-ээд оны эхэн үеэр Эгийн гол усан цахилгаан станц барих шийдвэр гаргажээ. Анхны Техник эдийн засгийн үндэслэлийг 1992-1995 оны хооронд Азийн хөгжлийн банкны 5.2 сая ам.долларын санхүүжилтээр боловсруулсан аж. 220 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг хоёр үе шаттай барихаар тусгасан байна. Улмаар гүйцэтгэгчийг тендерээр шалгаруулсан ч хоёр ч удаагийн оролдлого бүтэлгүйтжээ.

Тухайлбал, 2006 онд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг энэ төсөлд зарцуулахаар тусган, Хятадын нэр бүхий компаниуд төслийг гардан хэрэгжүүлэх тендерт ялсан ч төслийг эргүүлэн татсан байна. Түүх соёлын ховор дурсгалт зүйлс усан доор живж үгүй болно гэдэг үндэслэлээр тухайн үеийн холбогдох яам төслийг татсан байна. Үүнд дотоодын гэхээс илүүтэй гадны хүчин зүйл нөлөөлсөн гэж үздэг

Зогсонги байдалд орсон энэхүү төслийг 2013 онд Н.Алтанхуягийн танхим дахин сөхөснөөр төслийн нэгж байгуулж, Эгийн голын усан цахилгаан станцыг барих шийдвэр гаргажээ.

Тус нэгж дахин ТЭЗҮ боловсруулах ажилд орсон байна. Өмнөх ТЭЗҮ-д загасны судалгаа огт хийгээгүй бол шинэчлэн боловсруулсан ТЭЗҮ-д энэ бүхнийг багтаажээ.

Түүнд тусгаснаар Эгийн голын усан цахилгаан станц нь 315 мВт-ын хүчин чадалтай. Улсад жилд 606 сая киловатт цагийн эрчим хүч нийлүүлнэ. Уг станцыг барьж байгуулахад нийт 827.6 сая ам.долларын хөрөнгө шаардагдах тооцоо гарчээ.

Монгол Улсын хувьд хойд хөршөөс жил бүр 25-26 сая ам.долларын өртөг бүхий эрчим хүчийг импортоор авдаг. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл хойд хөршөөс хамааралтай байгаа эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлах боломжтой гэж үздэг. Гэвч шинэ Засгийн газар эл төслийг хөдөлгөх эсэх тодорхойгүй байна.

ХААЛТТАЙ БҮСТЭЙ БОЛСОН УУ?

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн чөлөөт бүсийг дөрвөн аймагт байгуулахаар шийдвэр гаргасны хоёр нь хөрш орнуудтай хил залгадаг.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтанбулаг” чөлөөт бүс хойд хөрштэй хил залгадаг бол Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь “Замын-Үүд” чөлөөт бүс нь урд хөрштэй хиллэдэг. 

Хөрш орнуудтай хил залгаа чөлөөт бүс байгуулснаар Орос, Хятад худалдаачид өөрсдөө Монголд орж ирж, худалдаа эрхэлнэ. Чөлөөт бүсэд худалдаа эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр монголчууд бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах таатай боломж бүрдэнэ. Нөгөө талдаа үйлдвэрүүд бий болох боломж бүрдэнэ гэж тооцсон юм.

Ингэхдээ Алтанбулагт чөлөөт бүс байгуулах шийдвэрийг 1999 онд УИХ-аас гаргаж байжээ. 

Гэвч 10 гаруй жил өнгөрөхөд Замын-Үүд чөлөөт бүсийг дэд бүтэцтэй болгосныг эс тооцвол хийсэн ажил үгүй аж. Харин Алтанбулаг чөлөөт бүсэд гурван удаа гурван улсын хамтарсан худалдаа болж, өнгөрчээ.

Чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд төрөөс болон гадаадын зээл тусламжийг оролцуулан энэ хугацаанд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч орон нутгийн иргэдийнх нь яриагаар бол чөлөөт бүсүүд хаалттай бүс болж хувирсан байна. 

Ингэхдээ Аж үйлдвэрийн яам бие даан ажиллах үед чөлөөт бүсийг хөгжүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг шинэчилж, энэ чиглэлийн ажлууд эрчимтэй хийгдэж сэргэлт ирсэн ч Засгийн газар өөрчлөгдсөнөөр бодлого ч бүдгэрч, эцэстээ юу хийж буй нь ч мэдэгдэхгүй болж хувирчээ.

Чөлөөт бүсээс валют ‘босгох’ мөрөөдөл ийн цаасан дээр л үлдсэн байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж