Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

76:1
76:1 Аварга

“Ньюс агентлаг” шинээр бүрдсэн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллын дагуу цувралаар танилцуулж буй. Өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг танилцуулж байна.


Бөхдөө хайртай монгол түмэн улс төрийн эрхээ эдлэхдээ хайртай бөхөө төр түшилцүүлэх нь олонтаа. Түүний нотолгоо нь өнөөгийн УИХ-д сууж буй гурван аварга. Бөх, улстөрч хоёрын хооронд алд дэлэм зай бий ч монгол эр хүний үлгэрлэл болохоор баргийн улстөрчөөс илүү бөхдөө итгэх итгэл хувь илүү. Монголчууд зүйрлэж, адилтгахдаа гаргуун. Тиймээс даацтай мэх, барилдааны ур чадвар, авхаалж самбаагаар нь улстөрчид байх бүх шинж бүрдсэн гэж зүйрлэнэ. Хэн маргах билээ. Энэ л зүйрлэлийн тод жишээ нь Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Овогтой нь бүтэн нэрээр нь гүүглээс хайвал түүний тухай 208 илэрц гарч ирнэ. Харин “аварга Бат-Эрдэнэ” гэвэл 529,000 илэрц дурайх бол “улстөрч Бат-Эрдэнэ”-ийн илэрц 183,000, зөвхөн “Бат-Эрдэнэ” гэж бичээд хайвал 1,850,000 илэрц гарна. Эндээс тэрээр монголчуудад хэзээний хүлээн зөвшөөрөгдсөн хүн гэдэг нь харагдана. Монгол Улсын далай даян, даяар дуурсагдах, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Монголын төрийн их баяр наадамд 11 удаа, ‘’Монголын нууц товчоо’’-ны 750 жилийн ойн төрийн даншигт түрүүлэн, өмнөх зууны уул тайлгын наадамтай эн зэрэгцэх билгийн улирлын сар шинийн баярт 12 удаа, улсын чанартай их наадамд нийтдээ 24 удаа түрүүлсэн нь түүнийг үндэсний бөхийн түүхэнд дархалсан. Энэ л амжилт нь түүний нэрийг хүүхдэдээ өгөхөд хүргэж чих нэгтнүүдийнх нь тоо 13473 болжээ.

Үндэсний бөхийн түүхэнд мөнхөрч, олны хайр хүндэтгэлийг хүлээж чадсан Бат-Эрдэнийг 2004 оноос хойш хэнтийчүүд УИХ-д сонгож иржээ. Хэнтийчүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч гэхээсээ хүндлэгдсэн бөх. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нь МАН-ын лидер бус, нэр цэвэр улстөрч бүр ч биш. Монголчуудын хайр, хүндлэлийг хүлээсэн аварга болохоор тэр. Яалт ч үгүй “аварга” л даа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс: Хүн амын дунд дургүйцэл, бухимдал үүсгэж буй асуудал, хүчин зүйлүүдийн судалгаа гаргаж, хүнийг сэтгэл санааны дарамтад орохоос сэргийлэх нөхцөлүүдийг бүрдүүлэх арга хэмжээ авна.

Бөх хүний боддог л бодол. Түүний Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт өнөөгийн Ерөнхийлөгчийн хэлдгээс ч илүү “шударга” бий. Найман зүйлтэй мөрийн хөтөлбөрт нь 11 “шударга” гэдэг үг орсон. Харин түүнээс дутахааргүй хоёр үг зүйл болгоны тодотгол болсон нь “Үүрэг мөн”. Эндээс МАН-ын нэр, түүхэн замнал, коммунист уриагаас илүүтэй өөрийн нэрээрээ тэр 41.97 хувийн санал авсан гэдгийг харж болно.

Улстөрчийнхөө хувиар “Урт нэртэй” хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн автор нь. Хэдийгээр энэ хууль олон нийтийн талархлыг хүлээсэн ч Монголын эдийн засагт өөрийх нь хэлдгээр “Гай ганцаддаггүй”-г харуулсан.

“Урт нэртэй хуулиар хориглож, үйл ажиллагааг нь зогсоосон компаниудад Сү.Батболдын Засгийн газар нөхөн олговор олгохоор 2010 онд журам батлуулсан. Энэ журмын дагуу 63 аж ахуйн нэгжид 222 тэрбум төгрөгийн нөхөн олговор төсвөөс гаргах тооцоо гарч байлаа. Энэ мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах нь бүү хэл алтны шороон ордуудаас улсын төсөвт орж ирдэг орлого ч 20 хувиар буурч, алтны нинжа нар нэмэгдэх магадлалтай нь хуулийн сул тал байсан” гэж шинэчлэлийн Засгийн газар тодорхойлсон нь үлджээ.

Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурсны долоон хувь нь “Урт нэртэй” хуультай шууд холбоотой гэж судалгаагаар гарсан байх. Өнөөдөр ч хөрөнгө оруулагчид жийрхсэн хэвээрээ л байгаа.

Гэхдээ энэ хуулийг баталж, хамгаалахын тулд намынхнаа ч шуудхан шүүмжилж “Хариуцлагын тухай асуудал хаана, хаанаа байхгүй. Монголд хариуцлага гэгч алга болсон гэж ойлгож болно. Ялангуяа улстөрчдөд тооцох хариуцлага гэж байхгүй. Тийм учраас улстөрчид “Би бүх хариуцлагыг нь хүлээнэ’ гэх үгийг амнаасаа амархан унагадаг. Гэвч хариуцлага тооцдог тогтолцоо байхгүй. Гэхдээ Монголын ард түмэн 2012 оны сонгуулиар хариуцлагыг нь тооцсон гэж үзэж байгаа.”гэж тэрээр ярилцлага өгч байв.

Дээрх хуулиас гадна гишүүнийхээ хувиар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай, Монгол мал үндэсний хөтөлбөр батлах тухай хууль гээд нийт гурван хуулийн төсөл санаачилсан гэж тоо байна.

Авууштай нь аваргын бүх зүйл олны өмнө ил. Энэ хүн монголчуудын хувьд аваргаараа л дуурсагдах болно. Харин улстөрчийнхөө хувиар “поп”-оороо л үлдэх болов уу. Б.Бат-Эрдэнэ гэдэг монголчуудын хувьд нэр нь үл балрах аварга, гүндүүгүй монгол эр, хүний сайхан хань, охидын бахархалт аав. Түүнд энэ л байхад хангалттай. Өөр чимэг хэрэггүй. Тэр алдрын оргилдоо аль эрт гарчихсан хүн. Өөр гуншин ч хэрэггүй. Хэчнээн улстөрч гэсэн ч монголчуудад Бат-Эрдэнэ аваргаараа л үлдэнэ. Өөрийг ч хүсэх дэмий.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль
  • 1990 онд Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛ

  • Хууль зүйн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1983 – 2000 онд Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, Орлогч дарга, Дарга
  • 1999 – 2004 онд ‘Аварга’ биеийн тамирын дээд сургуулийн захирал
  • 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009 – 2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 1990 онд Монгол Улсын дархан аварга
  • 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
  • 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж