Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

76:1

76:1 “Болдоггүй бор”

76:1 “Болдоггүй бор”

“Ньюс агентлаг” өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууныг танилцуулж байна. Бид энэ буландаа 2016-2020 оны парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг.

Улс төрд тэр шинэ хүн биш. Өмнөх парламентад бие даагчийн төлөөлөл болж ажилласан бол энэ парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн 65-ын нэг болж, томоожиж байна.

Хаалгыг нь саваад гарч одсон намдаа 2016 онд эргэн ирсэн нь улс төрийн карьераа бодсон хэрэг. Сонгуулийн тухай хууль бие даагчдад халтай болж, өөрчлөгдсөн учраас “Дээлийн шинэ, хүний хуучныг бодож сонголт хийлээ” гэж Ардын намын гишүүнчлэлээ сэргээсэн үйлдлээ зөвтгөж байв. Гэхдээ л Х.Болорчулуун энэ намд Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарын нэгэн адил насаа элээнэ гэж хэлэхэд бэрх. Хэзээ ч нүүдэл хийж мэдэх барьцгүй нэгэн. “Болдоггүй бор” гэж нэрлэсэн нь ийм учиртай.

Улсын эрх ашиг тэргүүнд тавигдах ёстой гэж ярих ч хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж ирснээрээ цуутай. Ямар аргатайдаа л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ парламентад бие даагч нэртэй биеэ үнэлэгчид байна” гэж хэлэх билээ.

Ардчилсан нам Засгийн эрх барьж, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллах үед Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар эрх мэдлийн хуваарилалтаар дэндүү сайн “наймаа” үсэргэсэн гэх нь бий. Энэ яриаг нь батлах мэт тухайн үедээ “Монголросцвемэт” нэгдлийн ерөнхий захирлаар Х.Болор-Эрдэнэ гэх залуу томилогдсон нь төрсөн дүү нь байлаа. Одоо ч энэ хэл ам тасраагүй, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хараат бус гишүүнээр мөн л Х.Болор-Эрдэнэ очсон нь Х.Болорчулууны намдаа хийсэн шахаа гэх хардлагыг ч төрүүлдэг.

Үүнээс гадна “Дорнод гурил” компаниараа дамжуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих санг ‘холгосон’ гэх дуулианд ч нэр холбогдож амжсан удаатай. Хэрэг явдлыг сөхвөл УИХ-ын гишүүн Х.Болорчулууны эзэмшлийн “Дорнод гурил” ХХК 2013 оны аравдугаар сард Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 1276 тонн буудайг хавар болтол өөрийн агуулахад хадгалж байх гэрээ хийгээд төлбөрөө бүрэн авсан аж. Тариалалт эхлэх цаг болж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан хадгалуулсан буудайгаа авахаар тавдугаар сард очиход хоосон агуулах угтсан гэдэг. Учрыг тодруулахад гурил үйлдвэрлээд худалдаанд гаргачихсан. Эцэстээ энэ хэрэг явдал Улсын мөрдөн байцаах газарт очсон байдаг.

Өнөө жил бас нэгэн шинэ хэрэг мандсан нь төрсөн дүү Х.Болорбаатар нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах, Хавирга Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байсныг Тагнуулынхан илрүүлсэн тухай юм.

Тэрбээр “Лексус-570” хар өнгийн машиндаа баавгайн 20 ширхэг саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж яваад баригджээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун айлын ууган хүү, арван дүүтэй. Нэгийг нь зохицуулахаар нөгөө нь хэрэг мандаагаад чихийг нь халууцуулдаг гэх. Хар багийн л төрсөн дүү нараа гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхээр зүтгэсэн, нас биед хүрсэн хойно нь ч “чирч” л яваа аж.

Агронономич мэргэжилтэй тэрбээр олон дүү нараа ажилтай байлгахын тулд “Хишиг аж ахуй” компани байгуулж, төмс хүнсний ногоо тариалж эхэлсэн нь ашгаа өгч, хожмоо “Алтан тариа” компанитай өрсөлдөж, “Дорнод гурил” компанийг нээлттэй дуудлага худалдаагаар өөрийн болгож чадсан гэдэг. Төрд ажилласан түүх нь Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, Булган суманд агрономич гэсэн товчхон намтраар дуусна.

Улс төрд бол бие даагч статусаараа илүү олонд танигдсан.

С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын хамтаар өмнөх парламентад бие даагчдын бүлэг нэртэй албан бус бүлэг байгуулчихсан, даваа гариг бүрт хэвлэлийнхэнд Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлдэг байв. Гэхдээ ярьдаг сэдэв нь нэг. Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гээд уул уурхайтай холбоотой бүхий л төслүүд дээр эсэргүүцэл илэрхийлнэ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээгээр эх орноо худалдсан ч гэж буруутгаж, огцруулахаар Г.Уянга нарын хамтаар гарын үсэг зуран гүйж явсан ч эцсийн мөчид буцсан гэдэг.

МАН-ын хуучин кадруудаас Элчин сайд С.Баярт их дургүй. Монголд хохиролтой гэрээ байгуулсан С.Баяр яахаараа Элчин сайд болж цол нэмдэг юм бэ, эх орон газар шороогоо харийнханд худалдсан улстөрчиддөө нам хариуцлага тооцох ёстой гэж шүүмжлэх ч улс төрийн хүрээнийхэн түүнийг улс төрийн карьераа алдахгүйн төлөө болохгүй бүхнийг хийж яваа нэгэн гэж тодотгодог юм.

Шинэ парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш хуулийн төсөл санаачлаагүй, мөн ажлын хэсгийн ахлагчаар ч ажиллаагүй байна.

Харин өмнөх парламентад Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн даргаар томилогдож байсан ч Ардчилсан намынханд “гологдож”, түүний албыг Ц.Нямдорж гишүүнд шилжүүлж байв.

Мөн энэ үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын хамтаар хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьдаг байсан ч УИХ-ын даргын сейфэнд хадгалагдсан нь олон.

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Агрономич мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн
  • 1990-1992 онд Булган суманд агрономич
  • 1992-1997 онд ‘Хишиг аж ахуй’ компанийн захирал
  • 1997-2012 онд ‘Дорнод гурил’ ХХК-ийн захирал
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал

  • 1998 онд Алтангадас одон
  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Гадаад хэл

  • Орос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж