Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

76:1
76:1: Тоосгочноос сайд

“Ньюс агентлаг” өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Сандагийн Бямбацогтыг танилцуулж байна. Бид энэ буландаа 2016-2020 онд парламентад ажиллах УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг билээ.

Тоосгочноос төрийн сайд болтлоо дэвшсэн улстөрч бол УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт юм.

Эдийн засагч, хуульч мэргэжилтэй тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд ялалт байгуулсан үеэс Ховд аймгийнхныг төлөөлөн парламентын гишүүнээр ажиллаж байна. Өмнөх парламентын үед УИХ дахь МАН-ын бүлгийг удирдсан. Эрх баригч Ардчилсан намын бүлгийн эсрэг цөөнхийн бүлэг хүчтэй сөрөг хүчин болж ажиллахад голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Энэ үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн суудлын тоо нэг их хол зөрүүгүй байсан ч зургаан суудлын зөрүүг 65 болтол тултал ажилласан бүлгийн дарга ч гэж тодорхойлж болно.

З.Энхболдын удирдаж байсан танхимын нэг зовлон МАН-ын бүлгийн гишүүд хурал хаяад орхиод явбал тэр өдрийн чуулганы хуралдааныг завсарлуулахаас аргагүйд хүрдэг. Мөн УИХ 76 гишүүнтэй ч МАН-ын бүлгийн 26 гишүүнээс арав нь ирж, ирцэнд орохгүй бол тэр өдрийн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэх аргагүй. Хүчээр асуудлыг шийдэх гэвэл цөөнхийн бүлгийн дарга С.Бямбацогт орж ирээд хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авчихна. Завсарлагыг ганц, нэг хуулийн төслөөр авахгүй, тэр өдрийн чуулганаар хэлэлцэх бүхий л асуудлаар завсарлага авч гөжүүдэлнэ. Тухайн үед хэвлэлийнхэн цөөнхийн бүлэгт “Гацаагчид” гэх тодотгол өгсөн нь ийм учиртай.

Ажлаа гацаахгүйн тулд эрх баригчид цөөнхөө урина, зална нэмэргүй, “Олонхи нь ирцээ бүрдүүлдэг дүрэмтэй, эрх баригчид өөрсдөө хуралдаа суухгүй бол бид очихгүй” гэж гүрийнэ. Хэлэлцэж байгаа хуулийн төслүүдээр зөвшилцөхгүй л бол буулт хийхгүй.

Өмнөх парламентаас байсхийгээд “гал авалцсан” хэрүүл босдог байсан нь эрх баригч хүчнээс дутахгүй хүчтэй цөөнх ажиллаж байсантай холбоотой юм.

Парламент дахь 26 суудлыг 65 болгосон бүлгийн даргаа МАН Засгийн газраа байгуулахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлэн томилсон. Хэд, хэдэн том хуулиудыг УИХ-аар батлуулж, захаас нь хэрэгжүүлээд явж байна. Гэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар таатай хандахгүй байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуульд байдаг “Эх орноосоо урвах” гэдэг заалтыг хассан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ шүүхээс хэргийг буцаадаггүй байхаар оруулж ирж, батлуулсан нь алсдаа аюул дагуулна гэж тайлбарлаж буй.

Харин хуульчдын зүгээс дээрх хуулиуд нь хүний эрхийг хамгаалах, хангах талд дэвшил авчирсан, олон жилийн турш эрх зүйн салбарт хийх гээд чадаагүй шинэчлэлийг урагшлуулахад ташуур өгсөн хуулиуд болсон гэж үнэлж байгаа.

Улс төрд хөл тавихаас өмнөх түүхийг нь сөхвөл хийж үзээгүй ажил гэж бараг үгүй аж. Дунд сургуулийн сурагч байхдаа тоосго цохиж суран, зуны гурван сард дүүтэйгээ хамтарч ажилласнаар эцгийнхээ эм тарианы мөнгийг олж, ээждээ нэмэр болж явжээ. Тоосгочин хүүг ирээдүйд төрийн сайд болно чинээ хэний ч санаанд буугаагүй нь лавтай.

Сурлага гайгүй байсан тул аравдугаар ангиа төгсөхөд нь Цэргийн их сургуульд хуваарилжээ.

Гэвч хоёрдугаар курсээсээ сургуулиа орхиж, ганзагын наймаанд гарсан байна. Эрхүү, Улаанбаатар, Эрээн гэсэн маршрутаар хэсэг явсаны эцэст багагүй мөнгөтэй ч болжээ. Удалгүй нагац ахыгаа даган Новосибирск рүү явж чихэр, тамхи импортлон Улаанбаатарын зах дээр бор­луулдаг болжээ. Ноолуурын ченж ч хийж үзсэн байна. Хэдэн жил өдөр шөнөгүй ганзагын наймаа эрхэлсний дараа дүүтэйгээ хамтран ““Нью прогресс” ХХК-ийг үүсгэн байгуулж, барилгын салбарт хүч үзсэн нь чамгүй ажилт дагуулжээ. Харин дараа нь “Алтай трейст” –ийг байгуулж, ажилласан байна, гэвч хожмоо заржээ. Саяхан Засгийн газрын сайд нар өөрсдийн эзэмшил компанидаа тендер хуваарилсан тухай дуулиан дэгдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын нэр “хавчуулагдан” “Алтай трейст”-ийн тухай мэдээлэл цацагдаад амжсан ч 2013 онд зарж, хамааралгүй болсон байсан юм.

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль
  • 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засагч
  • 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч
  • 2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1998-2000 онд ‘Ховдын өргөө’ ХХКомпаний ерөнхий захирал
  • 2000-2006 онд ‘Нью Прогресс’ ХХКомпаний захирал
  • 2006-2008 онд ‘Нью Прогресс’ группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2008 онд ‘Нью Прогресс’ группын Ерөнхийлөгч
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

Шагнал

  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2008 онд Алтангадас одон
  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Гадаад хэл

  • Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж