Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

76:1
УИХ-ын “шинэ цэрэг”

“Ньюс агентлаг” өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Жамбалын Ганбаатарыг танилцуулж байна.

Бид энэ буландаа 2016-2020 онд парламентад ажиллах УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг.

УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог ялж, парламентын гишүүнээр сонгогдсон хүн бол “Оргил”-ын Ж.Ганбаатар юм. Хууль тогтоогч дундаа шинэ хүн ч, улс төрийн карьераа дүүргийн Засаг даргад зөвлөхөөс эхлүүлж байжээ.

Нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй ч, бизнесийн салбарт голлон ажилласан.

Анхны бизнесээ оюутан ахуйдаа эхлүүлсэн гэж ярьдаг. Хүн бүр ганзагын наймаанд гарсан 1990-ээд оны үед Хятадын Манжуур, Оросын Чита хоёрын дунд наймаа “үсэргэх” болж, улмаар Германаас “Alpen Gold”, “Стиморол” бохийг импортолж эхэлснээр худалдааны зах зээлийг эзэгнэх сууриа тавьсан байна.

Барилгын салбар луу хальтирч орсон нь “Оргил” худалдааны төвийн барилгаа барьж эхлэх үетэй холбогддог аж. Үйлчилгээний салбар нарийн стандарттай, бараа ачиж ирсэн автомашинаа хаана байршуулж, хаагуур гаргах вэ гэдгээс эхлээд олон зүйлийг төлөвлөх шаардлагатай болж, барилгын компаниудад хандахад шаардлага хангаж чадаагүй тул эцэст нь өөрсдөө барилгаа барихаас аргагүйд хүрчээ. “Камдер” нэртэй барилга угсралтын компанитай болсон нь ийм учиртай.

Монгол Улсын эдийн засаг 2010 оноос бизнесийн салбарынханд ээлтэй байж, ашиг орлогыг ч харамгүй хайрлах үед орон сууцны бизнест хүч үзжээ. “Энканто-1”,  “Энканто-2” хотхон бол Ж.Ганбаатарын барилгын салбар дахь бүтээн байгуулалтын нэг хэсэг нь.

Гэвч УИХ-д сонгогдсоноосоо хойш хувийнхаа бизнест оролцох зав зайгүй болж, гэр бүлийн хүн нь, мөн ах, дүү нар нь ар талыг нь хариуцан ажиллах болжээ.

УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал бүртэй зууралдаад байдаггүй ч бизнес эрхлэгчидтэй холбоотой асуудалд дуугүй өнгөрнө гэж үгүй. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөр ам муруйж байв. Тэрбээр “Төрийн байгууллагуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, зөвхөн төсвийн мөнгөөр торгох арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан мөртлөө хувийн хэвшилд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хорих арга хэмжээ авахаар тусгасан нь учир дутагдалтай” хэмээн шүүмжилж, Х.Нямбаатар гишүүн “Хуульд хувийнхаа эрх ашгийн үүднээс бүү ханд” гэх тайлбар хэлж, дуугүй болгож байв.

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслөөс болж, үг зөрөлцөөд амжсан. Эцэст нь Т.Аюурсайхан гишүүн ялагдаж, УИХ Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг буцаах шийдвэр гаргасан юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьж чадсан ч бизнес эрхлэгчдэд хатуу нөхцөл, шаардлага тавьж байна гэсэн үндэслэлээр буцаагдах шалтгаан нь болж байв.

Ж.Ганбаатар гишүүн УИХ-д сонгогдсоноосоо хойш нэг хуулийн төслийг санаачлан боловсруулж, батлуулсан нь Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбоотой хууль байв. УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажилладаг ч ашиг сонирхолын зөрчилд орохгүй гэж тайлбарладаг. Үүсгэн байгуулсан компаниуд нь хэмжээгээрээ жижиг, дунд үйлдвэрлэлд хамаарахгүй том гэж тайлбарладаг.

УИХ-д “шинэ цэрэг” ч хөрөнгө орлогоороо харин бусдыгаа тэргүүлнэ.

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1991 онд Налайх хотын 10 жилийн дунд сургууль
  • 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, эдийн засагч
  • 2000 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, хуульч

Ажилласан байдал

  • 1996-2015 онд “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөх
  • 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх
  • 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга

Шагнал

  • 2002 онд Алтангадас одон

Гадаад хэл

  • Англи
  • Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж