УИХ дахь Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2017.12.05/ хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны долдугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн тав дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэц гаргажээ.
Иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхээр нь ялгаварлах хандлагыг өөрчлөх шаардлагатай бөгөөд үүнд төр, төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид нэн тэргүүнд анхаарах нь зүйтэй гэдгийг гишүүд хэлж байв.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь иргэний эрхээ бүрэн эдлэхэд нь саад болох учиргүй. Монгол Улсын иргэн бүр үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаанд оролцох Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй тул жагсаал, цуглаан зохион байгуулагчид болон хуулийн байгууллагууд эрхийг нь хангах үүрэг хүлээх ёстой гээд, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны долдугаар дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Байнгын хороо цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ш.ЧИМЭГ