“Ньюс агентлаг” өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайханыг танилцуулж байна. Бид энэ буландаа 2016-2020 онд парламентад ажиллах УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг.
Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” гэдэг аян өрнүүлж, түүнийг Их хурлын нэгэн чинээлэг гишүүн өлгөж аван, төрд 100 сая төгрөг хандивлаж, дансны хуулгаа дэлгэн, мэдээлэл хийж байсан нь энэ оны эхээр болсон үйл явдал.
Эдийн засгийн хүндрэлээс хамтдаа гаръя хэмээн халааснаасаа 100 сая төгрөг төрд гаргаж өгснөөрөө олны анхааралд өртсөн тэр хүн бол энэ парламентын шинэ гишүүн Б.Дэлгэрсайхан юм.
Б.Дэлгэрсайхан 1964 онд Дорноговь аймагт төржээ. 53 настай.
2016 оны сонгуулиар Их хуралд орж ирэх хүртлээ тэр туршлагатай бизнесмэн байв. Ерээд оноос хойш тасралтгүй бизнес эрхэлсэн тэрбээр анх махны наймаа эрхэлж, тэр нь амжилт олсон тул ‘Дорнын говь’ компаниа үүсгэн байгуулжээ. Компани нэгэ хэсэгтээ мал мах, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ч 2004 оноос уул уурхайн салбарт хөл тавьж, “Болдтөмөр Ерөө гол” компаниар тэр бизнесээ өргөжүүлсэн юм. Уг ордынхоо төмрийн хүдрийг зөөвөрлөхийн тулд Сэлэнгэ аймгийн Ерөө-Дулаанханы хооронд 98 км төмөр зам тавьж байсан гэдэг. Үүгээр зогсохгүй Төмрийн хүдэр зөөвөрлөх 20 зүтгүүр, 3000 вагон хүртэл худалдаж авсан гэх мэдээлэл байдаг. Энэ хөрөнгийг авахын тулд 354 сая ам.доллар зарцуулсан гэж бичигдсэн байдгийг бодоход уул уурхайн салбарт тэр чамгүй мөнгө хаяжээ.
Түүнийг Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдсон боломжоо ашиглаж, сүүлийн хоёр жил Дорноговийг “усалсан” овсгоотой эр гэх нь бий. “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан Дорноговьдоо л ялж, энэ их хуралд ирэх хувьтай байжээ.
Шинэ гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы танхимаас үг хэлсэн тохиолдол тун цөөн. Ганц нэг удаа байр сууриа илэрхийлэхдээ “Иргэд хэт тансаг амьдарч ирсэн байна. Тиймээс хэмнэлтийн горимд сургах ёстой” гэж сургааль айлдаад, хэвлэлээр баалуулж байв.
Түүнийг улс төр болоод бизнесийн хүрээнийхэн андахгүй ч төрд хандивласан 100 сая төгрөгийн эзэн гэдгээр нь ард түмэн илүү таньж, мэддэг болсон гэгддэг.
Ам дамжсан яриа, чөлөөт хэвлэлд гардаг мэдээллээр бол эрхэм гишүүний гэр бүлийн байдал тийм ч тогтвортой биш бололтой. Хамгийн сүүлд “Aqua fitness”-ийн Ука багш буюу “Усны гүнж” бүсгүй түүнд хүү төрүүлж өгчээ.
Төгссөн сургууль
- 1972-1982 онд Дорноговь аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн.
- 1983-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн Хууль сахиулах их сургууль/ -ийг хуульч мэргэжлээр төгссөн байна.
Ажилласан байдал
- 1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч.
- 1989-1992 онд Ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажилласан.
- 1993 онд ‘Дорнын говь’ ХХК-ийг үүсгэн байгуулсан.
- 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Холбоотой мэдээ