‘Ньюс’ агентлаг өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Болдын Жавхланг танилцуулж байна. Бид энэ буландаа 2016-2020 онд парламентад ажиллаж байгаа гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг.
Банкны салбараас улс төрийн карьераа эхлүүлсэн гишүүн бол Б.Жавхлан.
Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохын тулд 2015 онд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн суудлаас татгалзаж байв.
Нутаг, усаа барааддаг бусдын жишгээр Сүхбаатар аймагт нэр дэвшихээр бэлтгэл хангасан ч УИХ-ын гишүүн Ч.Улаан МАН-д эргэн ирснээр тойроггүй болжээ. Гэсэн ч МАН банкираа хоосон үлдээсэнгүй, Дархан-Уул аймагт өрсөлдөх “виз” олгов.
Тойрогт нь УИХ-ын гишүүн асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Сүхбаатар, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш, Монголын уламжлалын нэгдсэн намын гишүүн Б.Жавхлан нарын овог, нэр нэгтэй чанга өрсөлдөгч нар таарсан ч дарханчуудын итгэлийг хүлээжээ.
Харамсалтай нь, УИХ-д сонгогдон ажилласан нэг жил гаруйн хугацаанд улс төрийн карьер нь банкны салбарт ажилласан үеийнх шигээ гялалзаж чадсангүй.
Засаг унагалцсан, хамтдаа үүрэлцэх хариуцлагаас бултсан, У.Хүрэлсүхийн микрофон болсон гээд тоочвол банкир “хэргэм”-ийг нь хугалах таагүй үйл явдал бишгүй. “Хүний үнэргүй” гэх үгийг ч нөхөд нь чулууддаг.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсны дараа Б.Жавхлан гишүүн “Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгүүлье” гэх горимын санал гаргахад “Хүрэлсүхийн микрофон хийхээ боль” гэх эсэргүүцэлтэй тулж байв. Хэвлэлүүд түүний энэ үйлдлийг “Сангийн сайдын суудал горилж, хууль давж дэвлээ” гэж шүүмжилсэн бол улс төрийн хүрээнийхэн “У.Хүрэлсүхтэй хамаатан тул микрофон нь боллоо” гэж хардсан юм.
Хариуцлагаас бултсан гэх асуудал нь Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбогддог.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан, Т.Аюурсайхан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн өвөл Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийгээд гурван их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлыг улсад учруулсан гэх тооцоог гаргаж байв.
Шалгалтын энэхүү мөрөөр Авлигатай тэмцэх газар ажиллаж, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах болсон. Урьдчилан саатуулах байранд хорьсон гэх мэдээлэл ч бий. Гэвч таван жилийн турш хамт ажиллаж, хяналт шалгалтыг нь “базаж” байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ямар ч хариуцлага хүлээгээгүй нь олны гайхашралыг төрүүлж байгаа.
Сөрөг хүчний зүгээс энэ зөрчлийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан Б.Жавхлангаас ангид авч үзэж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн ч Банкир Б.Жавхлан “Ажлаа өгснөөс маань хойш гарсан зөрчил” гэж тайлбарладаг юм.
Гэвч зургаахан сарын хугацаанд гурван их наядын зөрчил үүсэж таарах уу, энэ их мөнгийг ганц Н.Золжаргал идэж барах уу гээд мухарлах зүйл олон бий.
Банк санхүүгийн салбарт ажилласан туршлага, боловсрол мэдлэг зэргийг нь үнэлэн олон нийт банкны салбарын монополыг задалж, өрсөлдөөн бий болгох чиглэлээр идэвхтэй ажил хийх болов уу гэж хүлээж байдаг.
Өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлсэн ч нягтлах зүйл олон гарснаар төслийн хэлэлцүүлэг зогсоод байгаа.
Банкны салбарынхны гар хөл болж, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг санаачиллаа гэж хардах нэгэн байхад УИХ-аас төслийг баталсан цагт алсдаа зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ гэж зөөллөх хэсэг ч бий.
Төгссөн сургууль, мэргэжил
- 1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль
- 1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль
- 1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч
- 2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль
- 2009 онд АНУ, Индианагийн их сургууль
Ажилласан байдал
- 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
- 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч
- 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
- 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
- 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч
- 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Нутгийн удирдлагын дэд хорооны дарга
Шагнал
- 2011 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
- 2014 онд Алтан гадас одон
Холбоотой мэдээ