Төрийн тусгай үйлчилгээний “Хан-Уул” харш

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Төрийн тусгай үйлчилгээний “Хан-Уул” харш

Төрийн тусгай үйлчилгээний “Хан-Уул” харш

Богд хан уулын ар, Хатантуул голын хөвөөнд “Их тэнгэр” хэмээх байгалийн сайхан хосолсон нэгэн ариун дагшин газар байдгийг хүмүүс андахгүй. “Их тэнгэр”-ийн зүүн талын амыг “Бага тэнгэр”, түүний зүүн талд чулууны бичигтэй хад бий. Энэ гурван ам их түүх агуулдаг. Эдүгээс 800 гаруй жилийн тэртээ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН алс баруун тийш дайлаар мордохдоо их жанжид, ойрын шадар туслахууд, их цэрэг (“аравт”, “зуут”, “мянгат”)-ийнхээ нэгэн бүлтэй дээрх гурван аманд амарч хоноглоод мордохдоо, “энэ тэнгэрлиг сайхан газар байна” гэж хэлсэн домог биш түүхийн эх сурвалж байдаг. Зарим түүхчид, судлаачдын үзэж буйгаар тэр үеэс энэ амыг “Их тэнгэр” гэж нэрлэсэн болов уу гэж үздэг юм билээ.

Их тэнгэрийн ам ер нь түүхэнд дурсагдах олон үйл явдалтай холбоотой. Одоогоос 100 гаруй жилийн өмнө халх дөрвөн хошуу, Ховдын хязгаарын ноёд цуглажээ. Тэд Монгол улс тусгаар тогтнох, эрх чөлөөгөө олж авах, улмаар тусгаар улсын хаанаар VIII Богд Жавзундамба хутагтыг өргөмжлөхөөр санал нэгдэн тохирсон их  чуулганаа Их тэнгэрийн аманд хийсэн түүхтэй.

Их тэнгэрийн аманд 1951 оноос өнөөг хүртэл Монгол улсын төр, засгийн тэргүүн нар амьдран сууж, ТТХГ-ын “Их тэнгэр” цогцолбороор үйлчлүүлж байна.

Их тэнгэр цогцолбор нь Хан-Уул харш, Хатантуул зочид буудал, Маршал харш (хотын төвд байрладаг) хэмээх гурван зочид буудал, тус бүртээ зоогийн газартай юм. Түүний “Хан-Уул” харшийг олон жилийн турш 50-1 дүгээр байр хэмээж ирсэн бөгөөд 2005 оноос “Хан-Уул” харш гэж нэрлэв. Энэ харшийг маршал Х.Чойбалсан гуайн зуны өргөөний зориулалтаар бариулж, 1951 оны зун ашиглалтад оруулжээ.

Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан гуай тэр зундаа зусаад, “Би цаашид энэ харшид байнга амьдрахгүй. Манай улсын гадаад харилцаа ихээхэн өргөжих төлөвтэй боллоо. Иймд гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авдаг зочид буудал хэлбэрээр ашиглах нь зүйтэй” гэснээр 1951 оноос манай улсын төр, засгийн тэргүүн нар гадаадын зочдыг хүлээн авч байрлуулдаг, тэдэнд зоог барьдаг уламжлал одоо болтол үргэлжилж байна.

Уг харшид бүтэн люкс хоёр (Хааны өрөө, Хатны өрөө гэж нэрлэдэг), таван энгийн өрөөтэй, хоёрдугаар давхартаа дээд хэмжээний зочдын уулзалтын VIP болон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зориулалтын тусгай өрөө, хэвлэлийн бага явуулах заалтай, нэгдүгээр давхартаа апперитив барих, зочин хүлээн авах болон томоохон хоолны заалтай, тохилог зоогийн газартай юм.

Зочид хүлээн авах хүндэтгэлийн өрөө

Мөн өндөр хурдтай интернетийн сүлжээ, өрөө бүхэн олон улсын ярианы эрхтэй, олон сувгийн телевиз, хурал, семинар явуулах зориулалтын техник хэрэгсэлтэй, маркетингийн олон төрлийн үйлчилгээ үзүүлж, өндөр мэргэжлийн тогооч нар ажиллаж, Ази, Европ болон үндэсний амт чанартай хоолоор үйлчилдэг.

“Хан-Уул” харшид гадаадын өндөр дээд хэмжээний зочид байрлаж байсны дотор олон орны Ерөнхийлөгч, Хаан, Гүнж, Парламентын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар тухайлбал, БНХАУ-ын дарга Зянь Зямин, АТИХ-ын дарга Ян Шан Кунь, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Д.Медведев, АНУ-ын үе үеийн Төрийн нарийн бичгийн дарга нар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, Дээрхийн гэгээн XIV Далай лам есөн удаа, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, Энэтхэг Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Пратибха Девисингх Патил нарын хүндтэй олон зочид байрлаж, хүндэтгэлийн зоогт уригдаж байлаа.

Сургуулийн хүүхэд ахуй цагт “Харшийн ёолк” гэж шинэ жилийн нэгэн мөрөөдөл байлаа гэж ярих хүн олон бий. Тэр үед энэ харш “хаалттай бүс” байв. Он оны төгсгөлд нийслэлийн тэргүүний сурагчдын сүлд модны наадам “Харшийн ёлк” одоогийн “Хан-Уул” харшид болдог байсан гэгээн дурсамж сэтгэлд тодхон үлджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төрийн их баяр наадмын хүлээн авалт болон төрийн хүндэтгэл, ёслол, үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагддаг энэ сайхан харшийн тухай товч толилуулахад ийм бөлгөө.

 

Г.СУМЪЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж