Газрын тос ойролцоогоор найман бээр газрыг хамраад байгаа бөгөөд энэ хэсгийг цэвэрлэхээр Энэтхэгийн эргийн хамгаалалтынхан ажлаа эхлүүлжээ. Живсэн хөлөг нь Индонезаас Энэтхэгийн баруун муж Гужарат руу нүүрс тээвэрлэж явсан бөгөөд Энэтхэгийн тэнгисийн цэргийн болон эргийн хамгаалалтын нисдэг тэргүүд хөлгийг живэхээс өмнө амжиж хөлгийн багийн 30 гишүүнийг аварчээ. MV Rak хөлөг нь пүрэв гаригт Мумбайн эргээс 23 бээрийн зайд живсэн байна. Харин газрын тосны асгарч буй нь өнгөрсөн бямба гаригаас эхэлж ажиглагдсан бөгөөд цагт ойролцоогоор 1,5-аас хоёр тонныг алдаж байсан байна. Хөлөг онгоц ойролцоогоор 340 тонн нефть тээвэрлэж явсан бөгөөд шинжээчид асгарч буй газрын тосны хэмжээг харьцангуй бага байна гэж тогтоожээ.
Энэ хэргээс гадна Энэтхэгийн Мумбайн эрэг орчимд өнгөрсөн нэгдүгээр сард мөн газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой задарч, газрын тос алдагдсан хэрэг гарч байсан бөгөөд эвдрэлийг хоёр цагийн дотор сэлбэхэд 25 мянга орчим баррель газрын тос алдагдсан байжээ. Түүнчлэн өнгөрсөн 2010 оны наймдугаар сард Мумбайд ачааны хоёр хөлөг онгоц мөргөлдөж, 500 орчим тонн газрын тос Арабын далайд алдагдсан хэрэг гарч байсан байна.