2018 оноос хэрэгжиж эхлэх нийгмийн хамгааллын бодлогын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд С.Чинзоригтой ярилцлаа
-Шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байхдаа 2018 оны төсвийг баталсан. Хэр сайн төсөв болсон гэж таныг зүгээс харж байна вэ?
-2018 оны төсөв хүн рүүгээ чиглэсэн төсөв болсон гэж үзэж байна. Учир нь, төсөвт нийгмийн хамгааллын хэд хэдэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өсгөж буй ээжүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулахын тулд мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдэж чадсан. Өөрөөр хэлбэл, 2018 оноос эхлэн хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжүүд тухайн хугацаандаа сар бүр мөнгөн тэтгэмж авна гэсэн үг юм.
Хоёрт, нийгмийн даатгалын сан болон халамжийн сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ.
Тодруулбал, нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 117 тэрбум төгрөг, харин халамжийн сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ энэ бодлогыг 2018 оны хэддүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг бид судалж байна. Урьдчилсан байдлаар, 2018 оны хоёрдугаар сарын 01-ээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.
-Өнгөрсөн намрын чуулганаар УИХ нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Шинээр батлагдсан хуулинд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр тусгагдсан. Иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн энэ бодлого 2018 онд хэрэгжих үү?
-Өнгөрсөн намрын чуулганаар малчдын тэтгэврийн насыг урагшлуулах, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн нийгмийн хамгаалалын асуудлыг сайжруулахтай холбоотойгоор төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцоох, даатгалд хамрагдсан эсэхээс үл хамааран адил хэмжээ, хувиар тэтгэмж авдаг байх, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх зэрэг хуулиуд батлагдсан.
Шинэ Засгийн газар дээрх асуудлыг дахин хэлэлцэж, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, малчдын тэтгэврийн насыг урагшлуулах шийдвэрийг 2018 оноос хэрэгжүүлэхээр болсон. Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн нийгмийн хамгаалалын асуудлыг сайжруулахтай холбоотойгоор төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцоох, даатгалд хамрагдсан эсэхээс үл хамааран адил хэмжээ, хувиар тэтгэмж авдаг байх, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх зэрэг асуудлыг 2019 оноос эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
-Малчдын тэтгэврийн насыг урагшлуулахад тодорхой шаардлага бий юу?
-Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулах хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжинэ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, үүний 15-аас доошгүй жилд нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн бол эрэгтэй 55 настай, 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн, үүний 12.5 жилд нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах эрх нь үүснэ. Энэ хуульд нийтдээ 13.5 мянган малчин иргэнийг хамруулах тооцоо гарсан. Нийтдээ улсын төсвөөс 44 тэрбум төгрөг зарцуулагдахаар төлөвлөгдсөн.
-Иргэдийн дунд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль 2018 оноос хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байсан. Гэвч энэ хууль нэг жилээр хойшилж, 2019 онд хэрэгжихээр болсон гэж та хэллээ шүү дээ. Тэгвэл энэ хуульд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?
-Ер нь бол өмнө нь 1990-1995 оны ажилласан жилийг нөхөн тооцсон. Мөн 1995-2000 оны шимтгэлийг нь нөхөн төлүүлсэн. Энэ арга хэмжээнд хамрагдсан иргэд дахин ажилласан жилээ тооцуулах, шимтгэл төлөх боломжгүй. Харин үүнд хамрагдаж чадаагүй, үлдчихсэн иргэд 2019 оноос хэрэгжих хуульд хамрагдах бүрэн боломжтой. Мөн 2000 оноос хойших нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжтой гэсэн үг юм.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамжийг 50 хувиар бууруулж байгаа. Ингэснээр, жилдээ 56000 төгрөг төлдөг байсан иргэд 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс жилдээ 28000 төгрөг төлөх боломжтой.
-Хүүхдийн мөнгийг ирэх онд 100 хувь олгох уу?
–Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлыг ирэх оны төсөвт 60 хувьд нь олгохоор тусгагдсан. Гэхдээ Монгол Улсын ядуурлын хэмжээ буурахгүй байгаа тул хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 хувьд нь олгох асуудлыг Олон Улсын Валютын сантай ярилцаж байна. Хэлэлцээр үргэлжилж байгаа. Олон Улсын Валютын сан зөвшөөрвөл 2018 оны төсөвт тодотгол оруулж, хүүхдийн 80 хувьд нь тэтгэмж олгоно гэсэн зорилттой ажиллаж байна.
-Төрийн албан хаагчдад урамшуулал олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэзээнээс энэ мөнгө нь олгогдож эхлэх вэ?
-Төрийн албан хаагчдын цалинг 2014 оноос хойш нэмээгүй. Энэ хугацаанд инфляци өссөн. Инфляцийн түвшин нийлбэр дүнгээр 20 хувьтай гарсан. Иймээс төрийн албан хаагчдын цалин хөлсийг зайлшгүй нэмэх шаардлагатай байна. Гэвч Олон Улсын Валютын сантай 2017, 2018 онд цалин хөлс нэмэхгүй гэсэн гэрээ байгуулсан учир гэрээгээ зөрчихгүй байх нь Монгол Улсын хувьд чухал байна. Засгийн газар төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэхгүйгээр бодит орлогыг нэмэх шийдвэр гаргаж, арга хэмжээ авахаар болсон. Улмаар 2018 онд төсөвт 56 тэрбум төгрөг суулгаж, төрийн албан хаагчдад урамшуулал олгохоор болсон. Ажлынх нь үр дүнгээс хамаарсан урамшуулал олгох замаар төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ.
2017 оны төсвийн тодотголд энэ асуудал мөн туссан. Тун удахгүй ажлын үр дүнгээс хамаарч олгох урамшуулалын журмыг Засгийн газарт өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна. Энэ журам батлагдвал энэ ондоо багтаад төрийн албан хаагчдад урамшуулалыг олгож эхэлнэ.
-Монгол Улсад ажилгүйдэл, ядуурлын түвшин буурахгүй байна. Энэ чиглэлд ямар ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна бэ?
-Орлого багатай иргэдээ хамгаалах үүднээс хүн амын орлогын албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Хуулиар хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хэмжээ жилдээ 84000 төгрөг байсан бол ирэх жилээс 120000 төгрөг болж байна.
Мөн хүнсний дэмжлэг туслалцаанд хамрагддаг иргэдийг хоёр дахин нэмэгдүүлсэн. 240.000 иргэн хүнсний дэмжлэг авна. Түүнчлэн нэг хүнд ногдох мөнгөн тэтгэмжийнх нь хэмжээ 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр 2017 оны төсвийн тодотголоор батлагдсан.
Үүний зэрэгцээ орон нутаг дахь орлого багатай иргэдийг орлоготой болгох үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн сангийн 2017 оны хөрөнгийн хуваарилалтад өөрчлөлт оруулж, 2.5 тэрбум төгрөгийг орон нутгуудад хуваарилж, нийтийг хамарсан ажилд зарцуулах үүрэг өгсөн. Нийтдээ аймгуудад 50-125 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт олгогдож байна. Харин Улаанбаатар хотод 850 орчим сая төгрөгийн эх үүсвэрийг шийдэж өгсөн. Тус хөрөнгийг орлого багатай иргэдийг тодорхой хугацаанд түр ажлын байраар хангах замаар тэднийг орлоготой болгоход зарцуулах юм. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой зам цэвэрлэх, даваа гүвээг цаснаас чөлөөлөх зэргээр ажилгүй байгаа иргэдийг дайчилж, ажиллуулах үүрэг өгч, ажиллаж байна.