Төв банкны хуулийн шинэчлэл Монголбанкийг “Тамир, тэнхээ”-гээр сэлбэнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

Төв банкны хуулийн шинэчлэл Монголбанкийг “Тамир, тэнхээ”-гээр сэлбэнэ

Төв банкны хуулийн шинэчлэл Монголбанкийг “Тамир, тэнхээ”-гээр сэлбэнэ

Өнөөдөр дэлхийн ихэнх улс орнуудад Төв банк нь улстөрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулж байна. Эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ, Япон, Европын орнуудад энэхүү зарчим хатуу үйлчилдэг. Харин манайд Төв банкийг засгийн газраас салгаж, хараат бус байдлыг бий болгохоор 27 жилийн өмнөөс зорьсон ч төгс төгөлдөр хэрэгжээгүй гэхэд нэг их буруудахгүй байх. Тодруулбал, Банкны тухай хууль, Төв банкны тухай хууль 1990 онд Үндсэн хуультай цуг батлагдаж байсан түүхтэй. Үндсэндээ 27 жил амьдарч байна гэсэн үг. Өнөөдөр банкны систем 27 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй. Тэрний гурван их наяд буюу арван хувь нь л эздийн хөрөнгө. Үлдсэн 90 хувь нь Монголын ард түмний хөрөнгө байдаг. Энэ хөрөнгийн эдийн засгийн аюулгүй байдал, хуримтлалын баталгаатай байдлыг хангахын тулд Төв банк оролцож, хариуцлага хүлээх үүрэгтэй. Тийм учраас энэ хариуцлагыг хүчтэй болгох ёстой юм. Тухайлбал, Сангийн яамны тайлан дээр 480 орчим тэрбум төгрөгийн чанаргүй авлага байдаг байна. Үүний дийлэнх нь банкны дампууралтай холбоотой гэх. Өөрөөр хэлбэл, 1990-2000 онд есөн банк дампуурсан, 2008-2012 онд хоёр банк татан буугдсан. Тэндээс үүссэн ард иргэдийн мөнгөн хөрөнгийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн байдаг. Гэтэл тэр хөрөнгийг алга болгосон банкны эзэд хариуцлага хүлээдэггүй. Энэ эрсдэлийг бууруулах зорилгоор Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэгдэж байна.  

Төв банкны бие даасан, хараат бус байдал нь гурван үндсэн зүйлээс бүрддэг.  Нэгдүгээрт, байгууллагын бие даасан байдал буюу бусдаас хараат бус байх, ямар нэгэн гадны нөлөөгүйгээр шийдвэр гаргах. Хоёрдугаарт, хариуцлагатай байдал. Гуравдугаарт,  ил тод байх явдал. Тэгвэл эрдэмтэн, судлаачдын үнэлгээгээр Монголбанкны бие даасан, хараат бус байдал нь “хангалтгүй” буюу 0-1 оноогоор тооцсоноор 0.5-0.6 орчим хувьтай байна гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү хангалтгүй байдал инфляцийн өндөр хэлбэлзэл, гадаад валютын улсын нөөцийн хомсдол, Монголбанкны өөрийн хөрөнгийн алдагдал зэрэг макро эдийн засгийн тоон үзүүлэлтээс харагдаж байгаа юм.  Үүнийг засч, сайжруулах заалтууд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалд тусгагджээ. Түүнчлэн мөнгөний бодлого болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлийн зорилтыг тодорхой болгож, хэрэгжүүлэх чиг үүргийг хуульд шинээр тусгасан байна.

Төв банкны ерөнхийлөгчийн хараат бус байдлыг хангана

Манайд нэг гаж тогтолцоо байдаг. Тэр нь  Төв банкны ерөнхийлөгчийг улстөрчид өрөөндөө  дуудаж загнаад “Ханш өндөр байна, тэд болго” гээд л валютын нөөцийг тэр чигт нь гаргуулчихдаг.  Жишээ нь, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хэрэгтэй гээд л хэн нэгэн улстөрчид дайраад эхэллээ. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг Төв банкаар тогтоолгох нь эргээд эдийн засагтаа хүндрэл учруулна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байхад шүү дээ. Тиймээс Төв банкийг улс төрөөс ангид байлгах ёстой юм. Дээрээс нь Төв банкны ерөнхийлөгчийн шийдвэр амь бөхтэй байх ёстой. Нэгэнт тэр хүнийг ерөнхийлөгч гээд томилсон учраас шийдвэрээ гаргана. Шийдвэр нь хүчтэй байх ёстой. Тиймээс Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төв банкны удирдлагын хараат бус байдлыг тусгаж өгсөн байна. Одоогийн хуулиар жишээ нь, Төв банкны ерөнхийлөгч ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол чөлөөлөх нэг үндэслэл нь болдог. Гэтэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэдгийг “Хэн тодорхойлох вэ, ямар тохиолдолд хангалтгүй гэж үзэх вэ” гэдэг асуудал тодорхойгүй хэвээр байгаа юм. Түүнчлэн “Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон” гэдэг өргөдөл гаргасан бол гэсэн заалт байдаг одоогийн мөрдөгдөж буй Төв банкны хуульд байдаг. Гэтэл энэ нь “Эдгэшгүй өвчин тусах юм уу, эсвэл бие нь бага зэрэг өвдөхөөрөө ажлаасаа чөлөөлөгдөх үү” гэдгийг тодорхой тусгаж өгөөгүй байдаг байна. Харин чөлөөлөх саналыг хэн нэгэн хүн, албан тушаалтны үзэмжээр биш тодорхой үндэслэл бүрдсэн үед эрх бүхий этгээдийн саналаар УИХ шийдвэрлэдэг байх талаар хуулийн төсөлд тусгажээ.

Мөнгөний бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг хуульчилна

Мөнгөний бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд “Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөх эрхтэй зөвлөл байж болно” гэж заасан байдаг аж.  Хуулийн заалтын дагуу Монголбанкны зөвлөл ажиллаж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар гол шийдвэрүүдийг гаргадаг. Гэвч хуулийн дагуу энэ зөвлөл нь эцсийн шийдвэр гаргадаггүй. Харин Монголбанкны ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу эцсийн шийдвэр гаргасаар ирсэн. Тиймээс энэхүү зөвлөх эрхтэй институцийн эрх зүйн байдлыг хуулиар тодорхойлж, хамтын удирдлагын зарчимд суурилсан, олонхийн саналаар санал хурааж, шийдвэр гаргадаг болгохоор хуульд тусгажээ. Өөрөөр хэлбэл, Мөнгөний бодлогын хорооноос тогтоол хэлбэртэй шийдвэр гардаг, түүнийгээ олон нийтэд мэдээлдэг болох аж. Өөрөөр хэлбэл, Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын зөвлөл болон Монголбанкны бусад асуудлыг шийддэг Удирдах зөвлөлтэй байх бүтцийн өөрчлөлт хийхээр болсон гэсэн үг.  

Тэгвэл хуульд тусгагдсан дараагийн нэг гол зүйл нь Монголбанк Засгийн газраас хараат бус байх зохицуулалтууд оржээ.  Ялангуяа төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах, Монголбанкы үндсэн үйл ажиллагааг тодорхой болгохыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ. Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төсвийн бодлого улс төрийн нөлөөнд асар их хамааралтай байгаа энэ үед зөв шийдвэр гаргахад хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкинд маш хязгаарлагдмал орон зай бий. Тиймээс Монголбанк бодлогодоо тууштай байх ёстой” гэсэн юм.   

Ийнхүү Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар “Монголбанкны бие даасан, хараат бус байдлын төвшин 80 орчим хувьд хүрнэ” гэдгийг Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Хамгийн чухал нь Монголбанк хэзээ ч улстөржиж болохгүй. Улс төрийн дөрвөн жилийн мөчлөгт баригдаж болохгүй. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед Монголбанк өөрсдийн байр сууриндаа хатуу зогсох ёстой. Монголбанкны гол зорилго бол төгрөгийн худалдан авах чадвар буюу ард иргэдийн гар дээр байгаа мөнгөн хуримтлалын аюулгүй байдлыг хамгаалах явдал. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд улстөрчдийн өөдөөс хатуу зогсож чадах тэнхээтэй байх ёстой. Эр зориг, тэнхээг нь Төв банкны хуулийн “шинэчлэл” авчрах учиртай юм.

У.Сарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж