ЕХ-ны Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферриг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

ЕХ-ны Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферриг хүлээн авч уулзав

ЕХ-ны Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферриг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь өнөөдөр (2017.12.04) Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь “Манай улсын томоохон хөрөнгө оруулагчдын нэг Европын холбоо Төлөөлөгчийн газраа нээгээд тун удаагүй байна. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон найз нөхөдтэй болж, харилцаагаа тэлэх нь чухал байдаг” гээд Хэргийг түр хамаарагч Марко Феррид ажлын амжилт хүслээ.

Тэрбээр дараа нь тодорхой асуудлуудад анхаарлаа хандуулж, хамтарч ажиллах хүсэлт тавив. 

Тухайлбал, Европын холбооны улсуудаас манай улсад бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Харин манай улсын экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бага, барааны нэр төрөл цөөн учир Европын холбооноос манай улсад олгож ирсэн тодорхой нэр төрлийн барааг гаалийн тарифгүйгээр Европын холбооны улсуудын зах зээлд гаргах боломжийг хангалттай ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс Европын холбооны улсуудаас Монголд оруулах хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих асуудлыг анхааралдаа авч ажиллана уу гэлээ.

Түүнчлэн, Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад евро стандартыг Монголд нутагшуулах нь ихээхэн ач холбогдолтой гээд энэхүү стандартыг нутагшуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв. 

Мөн манай улсад томоохон хоёр төсөл хэрэгжүүлдэг Европын холбооны хөрөнгө оруулалтын банкыг цөлжилтийн эсрэг төсөлд хамтарч ажиллан, тодорхой хэмжээний санхүүжилт олгох асуудлаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

Хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудлаар Европын холбооноос туршлага судлах, мэдээлэл авах, сургалт зохион байгуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг монгол хэл дээр орчуулахад хамтарч ажиллах хүсэлт мөн тавилаа.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферри дээрх хүсэлтийг хүлээн авч, хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сард прокурор болон хуулийн бусад байгууллагын ажилтнуудад хүний эрхийг хамгаалах чиглэлээр сургалт явуулахаар ярилцаж, тохиролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж