Дотуур байр хүрэлцээгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

Дотуур байр хүрэлцээгүй байна

Дотуур байр хүрэлцээгүй байна

Эсгийгээр хийсэн хүүхдийн гутал,  оймс, тоглоом, цаасаар хийсэн вар, зайрмагийн ишээр хийсэн байшин  зэрэг бүтээлүүд ширээн  дээр өрөөстэй байх аж. Эдгээр бүтээлүүд нь  Ховд аймгийн Мөст сумын дотуур байрны хүүхдүүдийн бүтээл юм. Тэд 1325 км зам туулж Улаанбаатарт,  “Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” үндэсний зөвлөгөөнд оролцохоор ийнхүү хүрэлцэн иржээ. Энэхүү зөвлөгөөнд 21 аймгийн дотуур байрны үйл ажиллагааны сайн туршлагаа харуулсан  зураг, гарын авлага, хүүхдийн бүтээл зэрэг үзэсгэлэн болон дэлгэгджээ.

Ерөнхий боловсролын сургуулийн  дотуур байранд 6-18 насны хүүхдүүд  жилийн 224-245 хоногийн хугацаанд есөн сар эцэг эх, гэр бүлээсээ хол дотуур байранд амьдарч, зохих түвшний боловсрол эзэмшдэг юм. Гэтэл  дотуур байранд хүүхэд, сурч хөгжих орчин нөхцөл бүрдсэн байдаг уу?  гэх асуудал гарч ирдэг. Тэгвэл Боловсрол, Соёл,шинжлэх ухаан, спортын яам болон Норвегийн хүүхдийн сантай хамтран  өнөөдөр /2017.12.04/ “Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж  байна. Тус хуралд хөдөө орон нутаг болон нийслэлийн 160 гаруй төлөөлөл ирсэн байв. Хурлын үеэр дотуур байрны  үйлчилгээний орчин нөхцөлийг хүүхдэд ээлтэй болгон сайжруулах асуудал орхигдсон  гэдгийг тэд онцолж байлаа. Хүүхэд хөгжлийн өрөө нь дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн чөлөөт  цагаа зөв өнгөрүүлэх, хөгжин төлөвших орчин бөгөөд, үүд  хаалга нь хүүхдэд байнга нээлттэй байх учиртай юм байна.

Ихэнх дотуур байруудад  хүүхэд хөгжлийн өрөө танхим байдаггүй

Норвегийн тусламжийн байгууллага, хүүхдийн эрх хөгжил төслийн удирдагч  Б.Баярмаа “ 2017-2018 оны хичээлийн жилд жилийн байдлаар улсын хэмжээнд 517 дотуур байранд 34.500 гаруй хүүхэд амьдарч байна. Хүүхдийг хөгжүүлэхэд дотуур байранд  хүүхэд хөгжлийн танхим,  зайлшгүй  байх шаардлагатай. Гэтэл манай ихэнх дотуур байруудад хүүхэд хөгжлийн өрөө танхим байдаггүй. Энэхүү асуудлыг хэрхэн   шийдвэрлэх вэ? гэсэн асуултын  хариу өнөөдрийн  зөвлөгөөнөөр гарч ирэх юм. Норвегийн тусламжийн байгууллагын хүүхдийн эрх хөгжил төслийн зорилго нь дотуур байранд ажиллаж байгаа  багш ажилчдыг чадавхжуулах сургалтад хамруулах дээрээс нь хүүхдэд хүргэж байгаа үйлчилгээг хүүхдэд ээлтэй болгох асуудлыг  шийдвэрлэхэд оршино” гэж байлаа.

Хүүхдийн хоолны мөнгийг нэмэх хэрэгтэй

Дорноговь аймгийн Сайншанд сумын гуравдугаар сургуулийн дотуур байрны багш Д.Уянга “Сургуулийнхаа дотуур байрны сайн туршлага, амжилтаас фото мэдээлэл бэлтгэж үзэсгэлэнд оролцож байна. Манай дотуур байр,  хүүхэд хөгжлийн танхим  болон тоглоомын өрөөтэй. Хүүхдийн насны онцлогт  тохирсон тоглоомууд хангалттай байдаг. Дотуур байрны өрөөний багтаамжаас шалтгаалаад   хамгийн ихдээ  зургаан хүүхэд, багадаа дөрвөн хүүхэд байрлана. Харин цаашид анхаарах нэгэн асуудал бол хүүхдийн хоолны мөнгийг нэмэх хэрэгтэй юм болов уу? гэж боддог. Хүүхдүүд  өдөрт 2315 төгрөгийн хоол иддэг. Энэ мөнгө нь зургаан настай хүүхдүүдэд бол боломжийн байгаа юм. Харин арванхоёрдугаар ангийн хүүхдүүдийн хооллох мөнгө гэж үзвэл багадна” гэв.

Энэхүү хурлын ач холбогдол нь Ерөнхий боловсролын  сургуулийн дотуур байрны өнөөгийн нөхцөл байдал, дотуур байранд хүүхдийн сурч хөгжих  таатай орчин нөхцөл бүрдүүлж буй  туршлагуудтай танилцан, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлж байгаагаараа ач холбогдолтой юм. Сонирхуулахад 2017 онд улсын төсвөөр 800 ор бүхий долоон дотуур байр шинээр ашиглалтад оруулжээ. Харин 2018 онд 5.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 695 ортой, долоон дотуур байр, 2019 онд  18.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 1395 ор бүхий  12 дотуур байр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж