Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ улсын болон хувийн сургуулийн алинд нь суралцуулах вэ гэсэн сонголттой тулгардаг. Зарим нь улсын сургууль чанартай, сайн сургалттай гэж үнэлдэг бол нөгөө хэсэг нь хувийн сургууль илүү сургалт сайтай, тав тухтай хэмээн магтах нь бий. Ингээд улсын болон хувийн бүрэн дунд сургуулиар орж, хоорондын ялгаа хэр байгаа талаар сурвалжиллаа.
Эхний сургууль бол Баянзүрх дүүрэгт байрлах 21 дүгээр дунд сургууль. Тус сургуулийн бага ангийн багш Б.Байгалмаа багштай 3Г бүлэгтэй танилцах үеэр сурагчид үдийн хоолоо идэж дуусаад, монгол хэлний хичээл орж байлаа.
Уг ангид нийт 35 сурагч суралцах стандарттай ч анги нь том учраас 54 сурагч суралцдаг аж. Энэ талаар ангийн багш ярихдаа “Анги маань том учраас хүүхдүүд хоёроороо суудаг. Манай ангийн хувьд эцэг, эхчүүдийнхээ хүчээр танхимаа тохижуулсан. Жишээ нь, хувцасны шүүгээг нэг сая 500 мянган төгрөг, самбарыг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Мөн багшийн ширээ, дэлгэц, ус буцалгагч зэргийг эцэг, эхчүүд авч өгсөн. Шинэхэн шүүгээний доод хэсэгтээ хүүхдүүдийнхээ гадуур хувцсыг өлгөдөг” гэв.
Улсын сургуульд суралцаж буй сурагчдын сурах бичгийг сургуулиас 100 хувь хангадаг бөгөөд 21 дүгээр сургуулийн бага ангийн сурагчдад эхний ээлжид тал хүүхэд сурах бичгээр хангагдсан бол сүүлд сурах бичиг нь шинээр хэвлэгдэж, бүгд номтой болжээ.
Харин сурагчдын үдийн хоолонд “Энэ долоо хоног гурвалжин будаатай шөл, сүүтэй шар будаа, гоймонтой хуурга, аарц, боов өгсөн. Сард аль болох өөр өөр хоол өгөхөөр хоолны цэсээ гаргадаг. Өмнөх долоо хоногт л гэхэд ногоотой шөл талхтай, аньсны шүүс аарц өгсөн” тухай тогооч эмэгтэй ярилаа.
Үүний дараагаар Сүхбаатар дүүрэгт байрлах хувийн хэвшлийн “Шинэ үе” бүрэн дунд сургуулиас сурвалжлагаа үргэлжлүүллээ.
Тус сургуулийн 4В анги л гэхэд нийт 21 сурагчтай. Улсын сургуультай харьцуулахад анги дүүргэлт хамаагүй бага, багшийн хувьд сурагчидтайгаа хүрч ажиллах боломжтой гэдгийг багш нар хэлж байв.
Сурагчид ангийн үүдэн дэх коридорт байрлах шүүгээнд гадуур хувцсаа хийгээд түгжчихдэг аж. Мөн сурагчдын сурах бичгийн хүрэлцээ сайтайгаас гадна хүүхдүүдийг хүнд цүнх үүрүүлэхгүйн тулд ангидаа хүүхэд бүрт номын тавиур гаргаж өгчээ. Ингэснээр сурагчид хичээлийн хуваарийн дагуу сурах бичгээ ангидаа үлдээн явдаг байна.
Ингээд улсын болон хувийн сургуулийн орчинг зургаар харуулъя.
Улсын болон хувийн сургуулийн анги дүүргэлт
Улсын болон хувийн сургуулийн сурагчдын хувцасны шүүгээ
Сурагчдын бие засах газар
Сургуулийн сурагчдын үдийн цай
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх