Барак Обама Далай ламтай уулзав

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

Барак Обама Далай ламтай уулзав

Барак Обама Далай ламтай уулзав

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн баасан гаригт /2017.12.01/ Энэтхэгт Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтай уулзсан байна. Тэд “энэрэл нигүүлсэл, бодь сэтгэл”-ийн талаар ярилцсан гэж Түвдийн оюун санааны удирдагчийн албан өргөөнөөс мэдэгджээ.

Нью-Делид болсон уулзалт Нобелийн Энх тайвны шагналт эрхмүүдийн зургаа дахь удаагийн уулзалт юм. Харин Обама өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын төрийн тэргүүний албаа шилжүүлснээс хойших анхных нь ажээ. Тэрбээр Ази, Европын гурван орноор зочлох тав хоногийн айлчлалын хүрээнд ийнхүү Далай ламтай уулзжээ.

Далай лам уулзалт сайхан болсон гээд, “Би эртний итгэлт нөхөд” хэмээн айлджээ. Далай ламын хэвлэлийн төлөөлөгч Касур Темпа Цэрэн 45 минут үргэлжилсэн уулзалтаар хүчирхийлэл, тэмцлийн сүүдэрт урагдаж, сэмэрсэн дэлхий ертөнцөд энх тайвын байдлыг тогтоох асуудлаар ярилцсан гэж мэдэгдсэн байна. 

Дээрхийн гэгээнтэн XIV Далайн лам мөн Обамад хандан “Та бол АНУ-ын ерөнхийлөгч байсан төдийгүй Нобелийн шагналтан хүн. Бас нас залуу, ихийг хийж, бүтээж чадна. Бид дэлхийн энх тайвны төлөөх хүсэл зорилгоо гүйцээх хэрэгтэй. Миний үеийнхэн үр дүнг нь харж чадахгүй биз. Гэхдээ та нарын үеийнхэн гарцаагүй харах болно” хэмээн айлджээ.

Барак Обама өмнө нь Далай ламыг дөрвөн удаа /2010.II.18, 2011.VII.16, 2014.II.21, 2016.VI.15/ Цагаан ордон хүлээн авч, уулзаж байжээ. Түүнээс өмнө 2005 онд Обама Сенатын гишүүн байхад тэд анх удаа уулзаж байсан гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж