Солонгосын хойгт дэгдэж болзошгүй цөмийн дайны аюулыг багасгахын тулд БНСУ-ын арми Ким Жон Уныг хөнөөх тусгай ангийг бэлтгэжээ. 1000 гаруй тусгай бэлтгэгдсэн цэргүүдээс бүрдсэн энэ ангийг БНСУ-ын армийн тусгай ажиллагааны командлалын дор АНУ-ын армийн Rangers, Delta Force, SEAL болон Green Berets зэрэг тусгай салааны жишгээр байгуулсан байна.
Тусгай ангийн зорилго нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон нөлөө бүхий албан тушаалтнуудыг хөнөөж, цөмийн байгууламжууд болон пуужингийн туршилтын байгууламжийг устгах гэж нэрээ нууцалсан албаны эх сурвалж “Koreatimes”-д мэдээлжээ.
БНСУ-ын армийн нэрээ нууцалсан албан тушаалтан тусгай анги хэзээ байгуулагдсан болон ямар даалгавар авсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан боловч батлан хамгаалахын хүчин чадлыг бэхжүүлэхэд тусгай анги чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолсон байна.
БНСУ-ын арми эхэндээ тусгай ангийг 2019 онд байгуулахаар төлөвлөж байсан ч Хойд Солонгосын цөмийн пуужингийн туршилтуудаас болж яаралтай байгуулсан ажээ.