Бөөгийн зан үйл үйлдэх үеэр олон хүний дэргэд залуу бүсгүйн хувцсыг тайчсан солонгос удган бэлгийн дарамт учруулсан хэргээр ял сонсжээ. Пусан хотын дүүргийн шүүх энэ хэргийн төлөө 53 настай удганд зургаан сар шоронд хорих ял оноож, ялыг хоёр жилийн дараа эдлүүлэх шийдвэр гаргаснаас гадна 40 цагийн сэтгэл заслын эмчилгээнд албадан явуулахаар болсон байна.
Хэдийгээр удган бөөгийн зан үйл үйлдсэн боловч шүүх энэ үйлдэл нь бэлгийн харилцааны ёс зүйд харшилсан гэж үзжээ.
Шүүхэд гомдол гаргасан 20 настай хохирогч бүсгүй эрүүл мэндийн шалтгааны улмаас ээжийгээ дагаж удган дээр засал хийлгэхээр очсон байжээ. Удган зан үйл үйлдэхийн өмнө бүсгүйн ээжид ‘Бид бүсгүйн биед шүглэсэн эрэгтэйн сүнсийг хөөж гаргана” гэжээ. Ингээд удган бүсгүйг хэвтүүлж, хувцсыг нь тайлан, хутга эргүүлэн тойрч эхэлсэн байна. Энэ зан үйлийн үеэр тэнд цугласан хүмүүсийн дунд эрэгтэй хүмүүс ч олон байснаас бүсгүй тун эвгүй байдалд оржээ.
Бүсгүй шүүхэд гомдол мэдүүлэхдээ удганыг “бэлгийн эрх чөлөөнд халдсан” гэжээ.