Төв банк намын банк болох уу?

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

Төв банк намын банк болох уу?

Төв банк намын банк болох уу?

Өнгөрсөн Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал орж ирсэн юм. Хэдийгээр гишүүд эсрэг, тэсрэг байр суурьтай байсан ч уг төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Эдгээр хуулиудын араас нийтдээ 11 хуулийг өөрчлөх асуудал яригдаж байгаа учраас спикерийн зүгээс Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гаргахыг үүрэг болгосон юм.

ОУВС-гийн зөвлөгөөний дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төв банкны болон Банкны тухай, тэдгээрүүдтэй холбоотой хуулиудад нэмэлт өөрчлөлт хийснээр Монголын банкны салбарт реформ хийгдэнэ гэж үзэж буй.

Сүүлийн гурав, дөрвөн жил банкны салбарт өөрчлөлт оруулах асуудал улс төр, эдийн засгийн хүрээнд маргаан талцал дагуулах болсон. Хуулийн төслүүдийг Монголбанкны ажлын хэсэг ОУВС-тай хамтран болон олон улсын банкны стандартад нийцүүлэн боловсруулсан гэдгийг хууль өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдаан дээр тайлбарлаж, үг хэлсэн гишүүд ч Монголбанкны хараат бус байх асуудал дээр санаа зовж байгаагаа илэрхийлсэн.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар Монголбанк нь хараат бус гэгддэг. Гэвч, ялсан намын бодлогыг хэрэгжүүлэхэд Монголбанк оролцдог болсон нь худлаа биш.

Тэгвэл УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд яваа, эдийн засгийн хүрээнийхний анхаарлыг багагүй татаж буй Төв банкны тухай хуулийг хэлэлцэх үеэр Мөнгөний бодлогын зөвлөлийн гурвыг нь төв банкаас, дөрвийг нь УИХ-аас томилох асуудал яригдсан нь Монголбанкны хараат бус байдал улам хумигдах вий гэсэн болгоомжлол үүсгээд байна.

Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөлд Н.Баяртсайхан, О.Эрдэмбилэг, Б.Лхагвасүрэн, Ж.Ганбаатар, Б.Баярдаваа, Р.Саранцэцэг, Н.Батсайхан, Д.Ган-Очир нар багтдаг. Хараат бус гишүүдээр Н.Энхбаяр, Ц.Мөнхбаяр, Б.Энххуяг, Ц.Батсүх, Б.Эрдэнэбат, Ч.Хашчулуун, Б.Баттүшиг нар ажилладаг аж.

Мөнгөний бодлогын зөвлөл жилд 4 удаа хуралдаж, бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэрийг гаргах үүрэгтэй.

Харин шинэ хуулийн төсөлд “Шинээр байгуулагдах Мөнгөний бодлогын зөвлөл нь долоон гишүүнтэй байхаар Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нараас гадна УИХ дөрвөн гишүүнийг нь томилдог байх” асуудал яригдаж буй. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы өгсөн хариулт нь “Мөнгөний бодлогын зөвлөл гэж одоо ч бий. Үүнийг одоо хувьчилж албажуулах гэж байгаа юм. Монголбанкны үйл ажиллагаанд дэлхийн шинэ зарчмыг оруулж ирж байгаа. Аливаа улс орны Төв банк эцсийн зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс зээлдэгч байх аа болихгүй”.

Банкны хуулийг өөрчлөх асуудал УИХ дээр хэлэлцэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор банкны  хуулиудаа өөрчлөхдөө болгоомжтой хандахыг эдийн засагчид сануулах болсон. Банкны салбарын эрсдэл нь нийт эдийн засгаа татан унагаадаг учраас улстөрчид, төр салбарт болгонд гараа дүрэх нь зохимжгүй гэх шүүмжлэл ч гараад байна.

Шинэ засаг ийнхүү банкны хуулийг өөрчлөх асуудлыг УИХ-д оруулж ирсэн бол нөгөө талдаа төр улам томрох, бүхий л салбарт оролцох оролцоо нь өссөөр байгаагийн нэг нь У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж гаргасан анхны шийдвэрүүдийн нэг нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсэг байгуулсан явдал байлаа. Өмнө нь Ж.Эрдэнэбатын засаг энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулсныг тооцвол МАН-ынхан “Эрдэнэт”-ийн хувьчлал дээр хоёр дахь удаагаа ажлын хэсэг байгуулж байгаа явдал юм.

2016 оны зургадугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд ирснийг дуулгаснаас  хойш энэ хувьчлал улс төр, эдийн засгийн халуун сэдэв болж хувирсан. Энэ сэдвийг ургуулж, улс төр хийж байгаа  цөөн хүмүүсийн нэг нь Ц.Нямдорж.

“Эрдэнэт” бол Монголын топ татвар төлөгчдийн нэг. Тэр утгаараа “Эрдэнэт”-ийн асуудлыг улстөржүүлэх нь Монголын эдийн засагт хортой. Одоо бүр “Эрдэнэт”-ийг хувийн хэвшлийнхэнд өгч байснаас оросуудад байсан нь дээр ухааны ухуулга сурталчилгаа ч явж эхэллээ.

“Эрдэнэт” оросуудад байх, хувьд очих хоёр Монголчуудад юугаараа ялгаатай вэ. Мэдээж, оросуудад байх нь шахаа, шантааж хийдэг дарга нарт ашигтай. Харин хувьд байснаараа тэнд явагдаж байгаа тендер үйлчилгээ, орлого зарлага нь монголчуудад ил тод болно. Тэр хэрээр татварын орлого нэмэгдэнэ. Даргын хүү эсвэл дүү биш жирийн бизнесмен “Эрдэнэт”-ийн тендерт ялах боломжтой.  Тухайлбал, 2016 онд тус үйлдвэр дээр ганцхан  тендер зарлагдаж байсан бол 2017 онд энэ тоо 491 болтлоо өсч, мөн татвар тушаалт өссөн байна. Эрдэнэтэд өмнө нь 491 дарга шахаа хийдэг байсан бол өнөөдөр энгийн иргэд, дөнгөж хөл дээрээ зогсох гэж ядаж байгаа баялаг бүтээгчид ханган нийлүүлэлт хийдэг болж байна.

Ийнхүү нүүрснээс зэс, зэсээс мах, махнаас банкны салбар руу “урваж” улам томорсоор байгаа төр төв банкныхаа Мөнгөний бодлогыг атгана л гэнэ дээ.

 Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж