АНУ-БНСУ нисэх хүчний хамтарсан хээрийн сургуулилтаа өнөөдөр эхлүүллээ. Холбоотнуудын урьд өмнөх хээрийн сургуулилтаас илүү өргөн цар хүрээтэй цэргийн хээрийн сургуулилтыг өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын туршсан тив хоорондын баллистик пуужингийн хариуд авч буй арга хэмжээ гэж тайлбарлаж байна.
АНУ-БНСУ хамтарсан “Vigilant Ace” нэртэй нисэх хүчний хамтарсан сургуулилт баасан гариг хүртэл тав хоног үргэлжлэх юм. Нисэх хүчний хамтарсан хээрийн сургуулилтад хоёр орны 230 гаруй сөнөөгч, бөмбөгдөгч онгоц, 12,000 цэргийн албан хаагч оролцож байгаа гэнэ. Хоёр орны хамтарсан цэргийн хээрийн сургуулилтад зургаан F-22 болон F-35 сөнөөгч онгоцнууд оролцож буйгаар онцлог юм. “Vigilant Ace”-д оролцож буй 12,000 цэргийн албан хаагчид АНУ-ын тэнгисийн цэрэг болон нисэх хүчин, БНСУ-ын армиас оролцож байгаа юм байна. Хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг БНСУ-д найман газарт зохион явуулах асжээ.
Хоёр орны нисэх хүчний цэргийн хээрийн сургуулилт Солонгосын хойгт энхтайван, аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй цөмийн довтолгооноос сэргийлэх зорилготой хэмээн АНУ-ын батлан хамгаалах яамны албан тушаалтан мэдэгдсэн боловч дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёр орны хамтарсан цэргийн хээрийн сургуулилт явуулах шийдвэр гаргасанд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг дайнд турхирч, өдөөн хатгаж байна хэмээн буруутгасан мэдэгдэл гаргасан юм.
Хойд Солонгосын “Солонгосын нэгдлийн төлөө холбоо” хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг шүүмжилж, ням гаригт Трампыг “галзуу этгээд” хэмээгээд “Тэртэй тэргүй хурцадмал харилцаатай байсан хоёр орныг цөмийн дайн руу түлхэж байна” хэмээсэн билээ.