Манай дөрөв дэх ерөнхийлөгч “Энэ цагаас хойш цементийн биш гахиурын үйлдвэр” гэж ярих ёстой. Алийн болгон гадаад үгээр ярих вэ! Гайхаж байх шиг байна. Тэнд хүн алга ташиж байна. Бид чинь өөрийн хэл соёлтой ард түмэн шүү дээ!” гэж уриалсан нь олон хүнд таалагдсан бололтой. Ер удалгүй “Монгол гахиур үйлдвэрлэгч орон болно, …гахиур үйлдвэрлэлд хуурай аргыг хэрэглэнэ.” гэж ярьж, бичээд эхэлсэн. Ард түмэн зөв, сайхан шийдвэрийг зарлиг, тушаал, тамга дардас нэхэлгүй зүгээр дагадгийн жишээ энэ.
Би ч гэсэн хуучин үгийн толь шүүрдэж, номоос нолтолгоо, судраас сурвалж хайн олсон хэдэн үгээ та бүхэнд санал болгоё. Арван цагаан буяныг бодож амьтны амийг таслахгүйг хичээгчид, мах мяраагаа шууж, гоо сайхны өглөг өгөхийг хүсэж махнаас гарсан вижитрануудыг “саюу” гэцгээе. Зориулж хийсэн ширээн дээр зохиосон дүрмийн нь дагуу жижиг бөмбөгийг нарийн саваа модоор түлхэж тоглодог биллъярдыг “ёворцог” гэе. Манайд яг ийм тоглоом байсан бөгөөд түүнийг ийн нэрлэдэг байжээ. Цаашлаад конвенцийг тунхаглал, олон улсын гэрээ, заваркийг дэврээ, театрыг жүжиглэн, доолийг арилам гэцгээе. Харин харийн үгийн санааг шинжилж, өөрийн хэлний үгэнд буулгаж, таарах дагавар нөхцөлөөр нь төгөлдөржүүлэхийг хичээж хэд гурван үг зохиож, хуучныг нь сэргээж хэрхэн хэлж болохыг сонирхуулъя. Бар кодыг оньсон зураас, шугаман зураасан, каллиграфийг уран бичлэг, инновацийг шинэ бүтээгдэхүүн, оновчтой санал буюу ШБОС, каркасыг араг бие(яс), квотыг ноогдол, коментийг санал, сэтгэгдэл гэж хэлж хэвшиж болох л юм. Би ч биш ийм саналтай, ингэж ярьдаг хүмүүс бий. Зөв, сайн саналыг хэвшүүлэх нь л чухал байна…
…Энэ мэт гадаад үг хэллэгийг тайлбарлан монголжуулах нь бидний хийх ёстой ажлын нэг боловч шинжлэх ухааны үндэслэлгүй, нотолгоо баримтгүй, хийсвэр сэтгэлгээ, уран дүрслэлээрээ бууддаг “хэлний алиалагч”-д бас байна аа. Тэд “байгаль”-ийг байгаад л байдаг, “Хөвсгөл”-ийг хөвсийдөг, “Америк”-ийг амь(аврах) эрэг, “амьдрал”-ыг амь ундрал гэж тайлбарласан нь бий. Яг үнэндээ байгаль баян утгатай “бай”, нуур, гол утгатай “көл”-өөс үүссэн “баян нуур”. Хөвсгөл хөх утгатай “хө”, ус утгатай“с”, гол утгатай “көл” гурваас үүссэн “хөх уст нуур” юм. Хэлний алиалагчид одоо ч салфеткийг “салбайдаг”, компьютерийг “цахимбар” болгоё гэж эх хэлээ “буудаж”, эрэмдэглэсэн санал санаачилгыг гаргасаар л байна. Болохгүй л дээ. Наанадаж л “цахь” гэсэн үгэн дээр “-м” дагавар залгаж “цахим” болсон тэмдэг нэр дээр үйл үг дээр л залгадаг “-бар, -бэр, -бор, -бөр”-ийг залгаж яав ч болохгүй. Болдоггүйн баримт нь “дага-вар, олд-вор, халд-вар” гэж үйл үгийн араас л залгаж бүтсэн үг байхаас “улаан+бар”, “хурдан+бар”, “удаан+бар” гэж үг хэн ч сонсоогүй байх. Цаашлаад дагаврын утга гэж тун чухал зүйл бийг сануулаад орхиё. Энэ мэт хэл шинжлэлийн үндэсгүй, судалгаа, нотолгоогүй санал, түр зуурын наргиа амьдрал дээр бууж, ардын аманд тогтохоос сэрэмжлэх хэрэгтэй болов уу, бид.
…Зохиогүй, оноогүй элдвийн үгийн дэргэд түмнээс төрж, цаг хугацаагаар шүүгдсэн асаадаг астаачэр (starter<стартер), амраадаг амаржийн (амортизатор) аржгар аржаатар (радиотор) хамаагүй дээр. Түүнчлэн хэл соёлдоо сонирхогчийн бус, судлаач, эрдэмтдээ илүү сонсож, хэлэлцэн шүүж, хэрэгжүүлэх эсэхээ шийдвээс түшмэдийн үгийг номонд уяж, түмний үгийг төрд уях ардын мэргэн үг амьдрал дээр хэрэгжинэ.
Хэсэг нөхдийн санаачилсан хэдэн үгээр ард түмэн алиалан ийн нэгэн өгүүлбэр зохиожээ. Энэхүү өгүүлбэрийг таавар болгож танд хүргээд, энэхүү өгүүллэгээ жаргаая. Үүнийг таасан эхний нэг хүнийг шагнана шүү!
“Цахимбарын ард суунгаа боргол идэж, борхош ууж, гахиурын үнийг харах нь миний эн юм. Америк улсын нэвтрэгийг авчихвал ч алимны хондоготой хавтан үзэж зоогойд нь сууна даа.”
Эрдэмтэн мэргэдээ мартвал эргүү тэнэгүүд ширээ тойрно
Эх орноо мартвал золбин хүмүүс хот дүүргэнэ
“Егөөтэй 99 тайлбар” номын “Хүнээс гуйгаад байсан чинь өөрт байсан л байна шүү дээ!”
өгүүллийн хэсгээс