“Гранд” сэтгүүлийн 100 дахь дугаарын баяр, тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч М.Уранчимэгийн “Цэнхэр оймстууд” номын нээлт өнөөдөр болно.
Сэтгүүлийн анхны дугаар 2010 оны аравдугаар сарын 12-нд гарч байсан бол энэ оны арваннэгдүгээр сард 100 дахь дугаараа өлгийдөн авсан юм.
Монголын сэтгүүл зүйн салбарт шинэ өнгө төрх, мэдээллийн давалгаагаар хүч түрэн орж ирсэн “Гранд” сэтгүүл 7 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулахдаа хүн төвтэй сэтгүүл зүйг мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлагатайгаар хөгжүүлэхийг гол зорилго, үнэт зүйлээ болгон ажилласаар өнөөдрийг хүрчээ. Сэтгүүл зүйн ёс зүй гэдэг нь шударга үнэн байх, ямар нэг үндэслэлгүйгээр бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг хэлнэ. Сэтгүүл зүйн нийгмийн хариуцлага гэдэг нь нийгмийн шударга бус, зүй бус явдлыг ямар нэг хувийн амбиц, эрх ашгийн зөрчилгүйгээр зоригтойгоор илчлэн бичих, олон нийтийн санаа бодлыг зөв зүгт чиглүүлэх, нийгмийн сэтгэл зүйг залуурдах явдал.
Эдгээрийг эш үндэс болгон 7 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн “Гранд”-чууд “Болор үзэг 2012”, “Best of Mongolia 2012, 2013”, Монголын сонины холбооны 2013 оны “Оны шилдэг сэтгүүл”, МСНЭ-ийн 2013, 2015 оны “Оны шилдэг сэтгүүл”-ээр тус тус шалгаран, уншигчдын талархлыг хүлээж, өөрийн гэсэн орон зайгаа бататгасаар иржээ. Мэдээллийн эрин гэгдэх өнөө үед нүсэр бичвэрээс зайлсхийх орчин үеийн уншигчдын хэрэгцээнд тохируулан фото зураг, баримт фактаар өгүүлэх бодит мэдээ, мэдээллийг нийтлэлийнхээ бодлого болгодог нь тус сэтгүүлийн бас нэг онцлог юм.
Нэг дугаарт 1-2 ярилцлага, асуудал дэвшүүлсэн 4-5 нийтлэл, сар тутмын тойм, сонгодог урлаг, дэлхийн алдар цуутай хүмүүсийн намтарчилсан хөрөг тус бүр 1-2, мэдээ мэдээлэл 35-55 нүүрээр тогтмол ордог. Түүнчлэн “Гранд”-ын нэг имиж болсон “Гранд би” буланд өөр өөрийн ертөнцтэй, хэвлэлд төдийлөн ам нээгээд байдаггүй ховор хүмүүс зочилдгоороо онцлог юм.
“Цэнхэр оймстууд” номын тухайд
Нийгэмд хийж бүтээсэн бодит зүйлтэй, өөрийн гэсэн орон зай дуу хоолойтой, тийм ч учраас хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн амьдралд баримталдаг зарчим, үзэл санаа, дотоод ертөнцийг нээсэн ярилцлага ямар ч цаг үед үнэ цэнээ алдахгүйгээр барахгүй тухайн цаг үеийнхээ түүх болон үлддэг. Эндээс залуу хойч үе, нийгэм олон нийт шинэ санаа, гэгээн өөдрөг үзэл, амьдралд итгэх итгэл олж авдаг нь ийм төрлийн ярилцлагуудын гол үнэ цэнэ байдаг. Чухам ийм үнэ цэнэтэй ярилцлагуудыг түүвэрлэж эмхэтгэсэн “Гранд хүмүүс” номыг 2012 онд “Гранд” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч М.Уранчимэг уншигчдын хүртээл болгож байсан бол энэ удаад хоёр дахь номоо “Цэнхэр оймстууд” нэртэйгээр гаргалаа.
Эхний номонд 34 хүний ярилцлага нийтлэгдэж байсан бол энэ удаад 43 хүний шилмэл ярилцлага, хөрөг, нийтлэл эссенүүд багтсан байна. Антропологич Д.Бум-Очир, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, яруу найрагч Ц.Хулан, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, философич Б.Батчулуун, түүхч Д.Өлзийбаатар, түүхч Т.Лхагва, яруу найрагч Р.Эмүжин, шашин судлаач Х.Янжинсүрэн, “Ажигана” компанийн захирал Э.Туул, зохиолч Б.Шүүдэрцэцэг, эзотерикч Н.Сома гэх мэт Монголын урлаг, соёл, улс төр, бизнесийн салбарын шилдгүүдийн ярилцлага “Цэнхэр оймстууд” номонд багтжээ.
“Цэнхэр оймстууд”-ын өмнөх номноос ялгарах онцлог нь ярилцлагуудаас гадна нэрний утга санаанд тохирсон хөрөг нийтлэл, орчуулгын материал, эссэ зэрэг сэтгүүл зүйн бусад төрөл жанрын материалууд орсноос гадна энэ нь зүгээр нэг ярилцлага, эссе нийтлэлийн түүвэр гэхээсээ илүү нийгмийг оюун санаа, эдийн засаг, бодлогын түвшинд түүчээлж авч явах ёстой оюун санааны элитүүдийг цэнхэр оймстууд хэмээн нэрийдэж, тэдний үзэл санаа, дуу хоолой нийгэмд хэрэгтэй байна гэж үзэж, энэ санааг тус номоор дамжуулан олон нийтэд хүргэхийг хичээсэн аж.
Оюун санааны хязгааргүй ертөнцөөр аялуулж, үзэл бодол, арга туршлагын арвин түүхээс хуваалцах “Цэнхэр оймстууд” таны гарт хүрэх нь ээ.
Б.ЭНХ