УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед МАН-ын бүлгээс завсарлага авлаа. Та энэ төслийг Засгийн газар руу буцаах байр суурь барьж байгаа гишүүний нэг. Үндэслэл нь юу вэ?
–Төрийн алба улс төрөөс ангид, мэргэшсэн, мерит зарчимд суурилсан байх ёстой гэж ярьдаг атлаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлнэ нэрийн дор аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 хувийг төрийн албанд ажиллуулах заалтыг дээрх хуулиар оруулж ирсэн нь зарчмаасаа ухарсан хэрэг юм.
УИХ 2006 онд баталсан Төрийн албаны тухай хуульдаа “төрийн албан хаагч улс төрөөс ангид, хараат бусаар бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой” гэсэн зарчим суулгаж өгсөн. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд төрийн захиргааны албан хаагч нь улс төрийн албан тушаалыг хавсарч хийхээр 30 хувь хүртэл квот тогтоож өгөх нь төрийн алба улс төрөөс ангид байх зарчмаа эвдэнэ. Төслийн энэ санаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай ч нийцэхгүй байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй.
Нөгөө талаас Иргэдийн хурал гэдэг бол иргэдийн төлөөллийн байгууллага болохоос Засаг даргын харьяаны албан тушаалтнуудын цуглуулга байж таарахгүй. Ингэх юм бол төлөөллийн байгууллагын “дээр” гүйцэтгэх эрх мэдэл бүхий Засаг дарга “сандайлах” практик нөхцөл бүрдэнэ.
-Миний ойлголтоор манай төрийн институцуудын үйл ажиллагаа хоорондоо хутгалдаад нэг л эвээ олохгүй байгаа юм шиг санагддаг. Таны бодол.
-УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль болгоноор улстөржиж гэр бүл, жалга довоороо хүртэл талцдаг, хуваагддаг боллоо. Дээд төвшиндөө хүртэл улстөрждөг, талцдаг. Ерөнхийлөгч нь УИХ -тай таардаггүй, УИХ нь Засгийн газартайгаа таардаггүй болсон. Засаглалын тогтолцоо төрийн институци хоорондын зөрчилтэй байдал нь Монгол Улсын эрх ашигт үнэндээ нийцэхгүй байгаа.
Монголчуудын жаргал, зовлон нэг. Бид улсаа гэсэн нэг л сэтгэлтэй. Энэ зорилгынхоо төлөө ойлголцож, зөвшилцөж, эв нэгдлийг хангаж ажиллах зарчмаа барих ёстой. Гэтэл сууриа эвдэж байгаа энэ асуудлыг засаж залруулах ёстой атал төрийн албаа улс төрийн байгууллага болгон хувиргах алхам хийх гээд байгаа нь үндсээрээ буруу юм.
-Тантай ижил байр суурьтай гишүүд бүлэг дотор тань хэр олон байгаа вэ?
-Олон байгаа.
-Ер нь бүлэг яагаад энэ төслийг анхнаасаа дэмжсэн юм бэ. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрэв УИХ дээрх хуулийг батлах юм бол Үндсэн хуулийн цэцэд очих болно. Намынхаа хэдэн нөхдийг төрийн албанд шахахын тулд хууль зөрчдөг байж таарахгүй” гэдэг байр суурь илэрхийлсэн?
-Бүлгийн гишүүд байр суурь өөр, өөр байгаа. Нэг хэсэг нь “Сонгуулиар намдаа суудал аваад ирсэн, Иргэдийн хуралд ороод ирсэн хүмүүс төрийн албанд орж ажиллаж чадахгүй байна. Тэднийг дэмжих ёстой, харж үзэх ёстой, ажилтай албатай болгох ёстой” гэж ярьж байна. Иргэдийн хурал гэдэг сонгуулийн л байгууллага. Энд сонгогдохын тулд өөрийгөө тодорхой хэмжээнд хязгаарлаж, өрсөлддөг. Төрийн захиргааны албан хаагч томилогддог тогтолцоо тэс ондоо. Энэ хоёрыг хутгавал ёстой л нөгөө “нохойн амаар ханаа дугуйлав” гэгч болох байх даа.
Нөгөө хэсэг нь “нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хүчгүйдсэнээс орон нутагт төрийн ажил явахгүй байгаа учраас бэхжүүлэх ёстой” гэдэг зүйл бас ярьж байгаа. Ийнхүү ярьж байгаа асуудлыг тухайн салбарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох байдлаар шийдэх ёстой болохоос бус хоёр өөр хууль зүйн зохицуулалтыг “нэг тогоонд хийж хутгах” замаар шийдвэрлэх учиргүй.
Ер нь удирдлагын анхан шатнаасаа эхлээд улстөржсөн байдлыг хэрхэн багасгах вэ гэдгийг бодож, эрх зүйн орчноо сайжруулах ёстой байтал миний төлөө, намын төлөө ажилласан хүмүүсээ гомдоохгүйн тулд албан тушаалтай болгох ёстой, тэгэхгүй бол эргээд миний төлөө, намын төлөө ажиллахгүй болно гэж үзэх нь онол арга зүйн хувьд туйлын буруу юм. Үүнийхээ оронд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой.
Яагаад гэвэл байшин барих бол эхлээд сууриа цутгадаг. Харин бид эсрэгээрээ байшингийнхаа дээврийг эхэлж тавих гээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, эхлээд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульдаа өөрчлөлт оруулъя, дараа нь Төрийн албаны тухай хуулиа шинэчилье, тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийе гэж байгаа нь буруу. Арга зүйн хувьд эхлээд Үндсэн хуульд холбогдох өөрчлөлт оруулах замаар асуудлыг эхэлж ярих нь зүйтэй.
Төрийн албыг яавал улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, мерит зарчим дээр суурилсан, аль нэг нам Засгийн эрхэнд гарч ирэхээрээ төрийн албыг хуугаар нь сольж халдаггүй, тэнд ажиллаж байгаа хүмүүс нь хэрхэн ард түмнийхээ төлөө хүнд сурталгүй шуурхай, үйлчилдэг байх нөхцлийг хангахуйцаар эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлвэл зохино.
-Намрын чуулган завсарлахаас урьтаж Үндсэн хуульд нэмэлт оруулах боломж байгаа юу. Хугацаа ер нь тулж ирлээ?
-Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг багтаасан. Хугацааны хувьд давчуу байгаа ч УИХ 2018 оны улсын нэгдсэн төсөв, Мөнгөний бодлого зэргийг баталчихсан учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө хэлэлцээд явах бололцоо бий.
УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлэх бол хажуугаар нь өөр бусад хуулийн төсөл хэлэлцэхгүй байх дэгтэй.
-Нэгэнтээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярьж эхэлсэн болохоор зарим зүйлийг тодруулъя. Сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга томилдог байх нь зөв юм уу, ард түмнээс сонгодог байх ёстой юу. Эсвэл одоогийн зарчмаа хэвээр хадгалах ёстой юм уу?
-Би бол сумын Засаг даргыг ард түмнээс сонгодог болох ёстой гэсэн байр суурь барьдаг. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал гол төлөв 21 гишүүнтэй байгаа. Дээрх 21 төлөөлөгчөөс сумын Засаг даргыг сонгодог байхаар 2500, 5000 иргэний эрхийг хангаж чадахгүй, төрийн ажил явахад хүндрэлтэй болсон. Энэ нь ард түмний эрх ашгийг хангаж чадахгүй, эргээд төрийн ажил хүндээ хүрдэггүй дампуу байдал руу оруулж байгаа. Тийм учраас одоогийн тогтолцоог өөрчлөх ёстой.
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих ёстой гэдэг дээр та ямар байр суурьтай байна вэ. Судлаачдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч шиг хууль санаачилдаг, хуульд хориг тавьдаг онцгой эрх мэдэлтэй ерөнхийлөгч бусад улс оронд байдаггүй гэдэг асуудлыг хөндөх боллоо?
–Монгол Улс 78 толгойтой юм шиг харагддаг. УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар гээд бүгд хууль санаачилдаг, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл рүү хэт их хутгалдаж оролцдог болсон. Энэ эрх мэдлийг тодорхой болгох ёстой.
Эрх мэдлийн тодорхой бус байдлаас болж Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар чиг үүргээ хэрэгжүүлэх байдал нь хутгалдах, давхцах, эсрэгцэлдэх, орхигдох, хийдэл гарах нөхцлүүд бүрдэж байна.
-Хувилбар нь юу вэ, манайд тохирох нь?
-Хувилбар яригдаж байна. Үндсэн хуулийн нэмэлтийн төсөл дээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах нь зөв гэсэн байр суурь барьж байна уу, та?
-Зөвхөн ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхээс гадна олон асуудал бий.
Жишээлбэл, МАН, Ардчилсан нам 1990 оноос хойш дөрөв, дөрвөн жилийн циклээр Засгийн эрх барьж ирсэн. Сонгуульд аль улс төрийн хүчин ялсан бэ гэдгээс шалтгаалж, бодлого өөрчлөгддөг. Төрийн бодлого тогтворгүй байх нь түмэн олны амьдрал тогтворгүй байх үндэс болно. Төрийн бодлогын агуулга зөв байвал улс төрийн хүчин солигдсон эсэхээс үл хамааран хэрэгждэг баймаар байгаа юм.
Өнгөрсөн парламентын үед энэ алдааг засахын тулд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Үүнийгээ одоо хэрэгжүүлээд явъя гэхээр Үндсэн хуулинд заасан институци хоорондын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хоорондын эрх мэдлийн хуваарилалт оновчтой биш байгаагаас болоод дээрх урт хугацааны бодлого хэрэгжих бололцоогүй болсон нь мөн л Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстойг харуулж байгаа.
Г.ДАРЬ