Италийн хийлийн мастеруудын үзэсгэлэн Москвад нээгдэнэ | News.MN

Италийн хийлийн мастеруудын үзэсгэлэн Москвад нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.03-нд нийтлэгдсэн

Италийн хийлийн мастеруудын үзэсгэлэн Москвад нээгдэнэ

Италийн хийлийн мастеруудын үзэсгэлэн Москвад нээгдэнэ

Италийн хийл урлаачдын ур чадварыг харуулсан “Миф Страдивари” үзэсгэлэн ирэх долоо хоногийн Пүрэв гаригт /2017.12.07/ Москвад нээгдэх гэж байна. Итали нь хийл урлалаар дэлхийд алдартай бөгөөд энд хэд хэдэн школ бий, тухайлбал, Антонио Страдивари, Андреа болон Николо Амати, Джузеппе Гварнери гэх мэт. Үзэсгэлэн Хөгжмийн соёлын төв музейд нээгдэнэ хэмээн ОХУ-ын Соёлын яам мэдээллээ.

Үзэсгэлэнг Глинкийн нэрэмжит Бүх холбоотын хөгжмийн соёлын музейнүүдийн нэгдэл Италийн Хилийн музейтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ арга хэмжээ нь Орос төдийгүй Зүүн Европ, Азид анх удаа зохиогдож байгаа үзэсгэлэн болохыг Италийн Хийлийн музейн тэргүүн, “Друзья Страдивари” сангийн ерөнхийлөгч Паоло Бодини онцолсон байна.

“Энэ үзэсгэлэн маань их баялаг үзмэртэй байх юм. Европ тивийн хийлийн гол музей Италид байдаг. Италиас бид гурван зэмсэг авчирч байгаа. Үүнээс гадна италичууд Страдиварийн хувийн ховор үзмэрүүдийг дэлгэнэ. Тухайлбал, Страдиваригийн тэмдэглэл, ажлын ноорог, зарим бэлдэц гээд Оросын үзэгсдийн өмнө харж байгаагүй ховор үзмэрүүд ирнэ. Оросын төрийн цуглуулгаас 12 зэмсэг тавигдана” хэмээн Хөгжмийн соёлын музейн захирал Михаил Брызгалов хэллээ. Брызгаловийн хэлснээр тэдний музейд Страдиваригийн 15 хийл хадгалагдаж байдаг.

“Үзэсгэлэнд Страдиваригийн хийцээс гадна Амати, Гварнери, Черутти гэсэн мастеруудын хийл тавигдан. Эд бол чанарын хувьд Страдиваригаас дутахгүй эдүүд. Үнийн хувьд гурван жилийн өмнө Страдиваригийн хийл дуудлага худалдаанд 18 сая евро хүрснийг санаж байна’ хэмээн Брызгалов хэллээ.

Нийтдээ үзэсгэлэнд Страдивари, Амати, Гварнери, Черутти болон Италийн бусад мастерын 15 зэмсэг тавигдах юм. Үзэгчид ховор нандин хөгжмийн зэмсгийг харахаас гадна хийлийг хэрхэг хийдэг тухай танилцах боломжтой.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр оросууд болон италичууд хамтран хөгжмийн зэмсгийг сэргээн засварлах төвийг нээж байгаагаа зарлахаар төлөвлөж байна. Энэ төв нь дэлхийд томд тооцогдох ажээ.

Хийлийн музей нь Италийн Кремон хотод байдаг. Энд таван зууны турш мастерууд хийл урлаж байгаа юм. Энд XV-XVI зуунд Андреа Амати анхны хийлээ урлаж байсан бол түүнээс 150 жилийн дараа Страдивари хийлийг төгс гэж хэлж болохуйц хийцэд аваачсан юм. Кремон хотод хийлийн 150 гаруй мастерын газар байдаг нь дэлхийд хаана ч байхгүй их тоо юм. Кремон хотын хийл хийх урлагийг 2012 ЮНЕСКО дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж авсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж