УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар ярилцлаа.
-Охид, бүсгүйчүүд хүчирхийлэлд өртөж байхад УИХ-ын эмэгтэй гишүүд чимээгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Дуу хоолойгоо хүргэхгүй байна гэдэгт санал нийлэхгүй байна. Их хурал, байнгын хорооны хуралдаан болон бусад хурал, уулзалт дээр бүгд л тодорхой түвшинд энэ асуудлыг ярьж, санал бодлоо хэлж байгаа. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүд бүлэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд хүчирхийллийн асуудал бидний нэн түрүүнд анхаарах асуудал байх болно. Миний хувьд гэхэд УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан ажлын хэсгийг ахлаж байна. Ажлын хэсэг УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэгтэй.
-Та эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдсан гэлээ. Бүлэг байгуулснаар яг ямар асуудалд анхаарлаа хандуулах гэ?
-Өнөөдөр Монгол Улсын хүн амын 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ ч утгаараа улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо их байсан, байсаар ч байгаа. 1992 оноос хойш УИХ-ын төдийгүй шат шатны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцох оролцоо өсч, тэр хэрээр сонгогдох тоо нь нэмэгдсээр ирсэн. Өнгөрсөн парламентад 11 гишүүн сонгогдож байсан бол энэ парламентад 13 эмэгтэй гишүүн байна. Энэ нь УИХ-ын нийт гишүүдийн 17.1 хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн парламент дахь эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэн бүлэг байгуулж хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо хүргэх, нийгэмд туламдсан олон асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж байсан. Бид ч энэ залгамж халааг үргэлжлүүлэн бүлэг байгуулж, үүнийгээ өнгөрсөн сарын 3-нд УИХ-ын чуулганы хуралдаан дээр албан ёсоор зарласан. Эмэгтэй гишүүдийн бүлгийг УИХ-д олон удаа сонгогдсон, хариуцлагатай албан тушаалуудыг эрхэлж байсан Д.Оюунхорол гишүүн ахлаж байгаа. Бүлэг хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, боловсрол, эрүүл мэнд, агаарын бохирдол, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг нийгэмд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудалд анхаарч ажиллана.
-Танай лобби бүлэг хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Өнөөдөр бидний өмнө тулгамдаад байгаа асуудал бол хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, агаарын бохирдол, утааны асуудал юм. Үүнийг шийдвэрлэх талаар бодитой ажил хийх шаардлагатай байна.
-Та Хүүхдийн эрхийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар шалгалт хийх ажлын хэсгийг ахалж байна. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд зааснаар Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д илтгэдэг. Энэ илтгэлийг УИХ холбогдох хуулийн дагуу хэлэлцэн тодорхой үүрэг чиглэлийг Засгийн газарт өгдөг. Энэ жил тус комиссын 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаа. Уг илтгэлд хүүхдийн эрх зөрчигдөж буй талаар ноцтой мэдээлэл яригдсан учраас УИХ-ын гишүүдээс санал гаргаж, энэ асуудлыг бодитоор шалгаж тодорхой шийдвэр гаргахаар ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсэг байгуулагдаад нэг сар илүү хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Хүний эрхийн Үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсвийг нэмэгдүүлж чадлаа.
Ингэснээр хуулийн хэрэгжилтэнд мэдэгдэхүйц ахиц гарна гэж үзэж байгаа. Мөн хүүхэд эмэгтэйчүүд хохирсон хэрэгт хийгдэх Шүүх эмнэлгийн болон бусад шинжилгээг хийхэд онцгой анхаарах, шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан хугацаанд, шудрага гаргахыг сануулсан. БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж тэнд сурч байгаа сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа талаар болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон монгол иргэдийн асуудал, биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийн талаар тус хотод суугаа Монгол Улсын Консулын газар болон Эрээн хотын удирдлагуудтай уулзалт хийж тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.
Хэдийгээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож өгсөн ч хуулийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч, гарах зардлыг улсын төсөвт тусгуулах шаардлагатай байгаа. Ер нь цаашид Засгийн газар хууль батлуулахдаа шаардагдах төсвийг шийдэж, оруулж ирдэг байх хэрэгтэй.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт хөрсөн дээр бууж чадаж байгаа юу?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шатанд миний бие ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хууль хэрэгжиж эхлээд 10 сар болж байна. Ажлын хэсгийн хүрээнд хуулийн хэрэгжилтийн талаар шат шатны байгууллага албан тушаалтнууд, иргэдтэй уулзаж ярилцлаа. Ихэнх нь сайн хууль болсон гэдгийг онцолж байсан. Мэдээж, зарим нэг засч сайжруулах, өөрчлөх шаардлагатай зохицуулалт байгааг үгүйсгэхгүй. Үүнийг энэ ажлын хэсгийн хүрээнд олж тогтооно.
-Ажлын хэсэг БНХАУ-ын Эрээн хотод ямар учраас ажиллах болов ?
-Эрээн хот бол монголчуудын хамгийн их зорчдог газар. Үүнийг дагаад тэнд хүний эрхийн зөрчил, гэмт хэрэгт холбогдох асуудал гардаг. Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол монгол эмэгтэйчүүд биеэ үнэлэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, бэлгийн замын халдварт өвчин тусах бусдад халдаах зэргийг нэрлэж болно. Өнгөрсөн онд тус хотод 320 орчим иргэн биеэ үнэлж байсан. Ингээд Монгол Улсын Консулын газар тус хотын улирдлагатай хамтран үйл ажиллагаа явуулсны үр дүнд одоогоор 90 орчим эмэгтэй биеэ үнэлж байна гэсэн мэдээлэл байна. Мөн Эрээний дунд сургуульд монгол хүүхдүүд ихээр суралцдаг бөгөөд тэдний боловсролын асуудлаар тус хотын удирдлагуудтай ярилцсан. Тэдгээр хүүхдийн боловсрол эзэмших түвшин нь Монгол Улсын боловсролын түвшинд хүрэхгүй байгааг анхаарч, нэг түвшинд хүргэх талаар ярилцлаа.
-Та бүхэн Замын-Үүд суманд ажилласан юм байна. Сураггүй алга болоод удаж байгаа охины талаар мэдээлэл авсан уу?
-Бид ажлын хэсгийн хүрээнд Замын-Үүд суманд хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаатай танилцсан. Хилийн боомтоор өдөрт дунджаар 850-1200 суудлын автомашин, 450-600 орчим ачааны автомашин дамжин өнгөрч, 6500-8000 хүн зорчин өнгөрдөг. Бүртгэгдсэн гэмт хэрэг нь өмнөх оны мөн үеэс 38 хэргээр буюу 16.3 хувиар өссөн байна. Дорноговь аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 589 гэмт хэргийн 46 хувь нь энэ суманд үйлдэгдсэн байдаг. Энд хүчирхийллийн гэмт хэрэг өсөх магадлалтай байна. Тиймээс бид хамгаалах байрыг аймаг сум, дүүрэг бүрт байгуулах шаардлагатай байна.
Мөн найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон хэргийн талаар мэдээлэл сонссон. Энэ хэрэгт 1200 гаруй иргэн, алба хаагч анхаарал хандуулж, Замын-Үүд сумын байр обьект, байж болзошгүй газруудыг шалгасан байдаг.
БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй гэдгийг мэдэгдсэн. Одоогоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа юм билээ.
-Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон бол цаазын ял оноох, эсэх асуудал яригдаж байна. Цаазын ялыг сэргээхийг танай бүлэг дэмжиж байгаа юу?
-НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 онд дэлхий нийтийн хэмжээнд хэрэглэгдэх цаазаар авах ялыг халах зорилго бүхий Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай Олон улсын Пактын Хоёр дахь Нэмэлт Протоколыг баталсан. Монгол Улс 2012 онд нэгдэн орсон. Манай улс 2015 онд Эрүүгийн хуулиасаа цаазаар авах ялыг бүрэн халснаар Олон улсын байгууллагын өмнө дээрх протоколоор хүлээсэн үүргээ биелүүлсэн юм. Гэсэн хэдий ч Монгол Улсын Үндсэн хуульд “…Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн заалт одоо ч байсаар байна. Цаазаар авах ял олон сөрөг талтай гэж судлаачид үздэг. Мөн энэ ял байснаар онц хүнд гэмт хэргийн гаралт буурсан тохиолдол дэлхийн улс орнуудын жишгээс харахад бараг байдаггүй гэсэн судалгаа ч байдаг юм байна. “Ял хүнд, хэрцгий байхдаа үр нөлөөтэй байдаггүй. Харин зайлшгүй байхдаа үр нөлөөтэй байдаг” гэж нэгэн алдартай судлаач дүгнэсэн бий. Энэ бол үнэхээр үнэн дүгнэлт. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон бол заавал шийтгүүлдэг байх ёстой. Цаазаар авах ялгүй болчихоор Эрүүгийн хууль сул болчихсон гэсэн үг биш. Хамгийн гол нь ямар ч төрлийн гэмт хэрэг үйлдсэн бай хариуцлагыг нь зайлшгүй хүлээлгэдэг байх нь чухал юм. Нөгөө талаараа ямар ч эрх зүйн тогтолцоонд гэмт буруугүй хүнд шийтгэл оногдуулахгүй гэсэн эрсдэлийг бүрэн арилгаж чадахгүй. Яагаад гэвэл гэм буруугүй хүнд цаазаар авах ял оногдуулж гүйцэтгэсэн тохиолдолд уг гэм буруугүй хүний амьд явах үндсэн эрхийг дахин сэргээх боломж байхгүй. Өнөөдөр бид хүчирхийлэл үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулах талаар ярьж байна. Гэтэл энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувь нь ахуйн хүрээнд, дийлэнх хувийг ойр дотны хүн нь үйлдэж байна. Энэ нь өөрөө маш их эрсдэл үүсгэж байгаа юм. Тэгэхээр энэ төрлийн ялыг оногдуулах тал дээр маш болгоомжтой хандах шаардлагатай. Оногдуулна, оногдуулахгүй гэж ярихдаа ч гэсэн ул суурьтай хандах шаардлагатай эмзэг асуудал юм.