Ц.Энхжин: Миний хамгийн сүүлийн тэмцээн

Хуучирсан мэдээ: 2017.12.03-нд нийтлэгдсэн

Ц.Энхжин: Миний хамгийн сүүлийн тэмцээн

Ц.Энхжин: Миний хамгийн сүүлийн тэмцээн

Хятадын Саньяа хотноо зохион байгуулагдсан ‘Дэлхийн мисс-2017’ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон мисс Ц.Энхжин эх орондоо ирээд байна. Тэрбээр “Дэлхийн Мисс 2017” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтад шилдэг 15 орны миссийн нэгээр шалгарсан ба ард түмний миссээр тодорч, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн юм.

Мисс бүсгүй маань Их Британийн Кэмбрижийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгсөж, Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны магистр хамгаалж, эх орондоо өөрийн “Eden Design” компанийг байгуулаад байгаа билээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-“Дэлхийн мисс-2017” тэмцээний шилдэг 15 миссийн нэгээр шалгарсан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Тухайн мөчид хамгийн түрүүнд эх орныхоо нэрийг дуудуулна гэж бодоогүй гэж байсан шүү дээ?

Дэлхийн олон орны миссүүдтэй өрсөлдөж, шилдэг 15 орны мисст шалгарч чадсандаа баяртай байгаа. Монголчууд бид нэгдэхээрээ ямар хүчтэй вэ гэдгээ дахин харуулж чадлаа. Намайг дэмжиж байсан хүмүүстээ “Маш их баярлалаа” гэдэг үгийг дахин дахин хэлмээр байна. Тэмцээний явцын дунд долоон үндсэн гол шалгуурыг зохион байгуулсан. Үүний зургаан шалгуурын шилдэгт шалгарч, гуравт нь түрүүлсэн. Миний хувьд энэ маш том амжилт гэж бодож байна. Энэ бол зөвхөн миний амжилт биш. Бид бүгдийн хичээл зүтгэл юм шүү. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлээд баршгүй.

-Богино хугацаанд маш шаргуу бэлтгэл хийсэн гэж сонссон. Их ядрав уу?

-Би “Дэлхийн мисс-2017” тэмцээнд явахаасаа өмнө сар гаруй хугацаанд эрчимтэй бэлтгэлээ хийсэн. Энэ бол маш бага хугацаа. Бусад орны миссүүд ихэнх нь 6 сараас 1 жилийн хугацаанд бэлддэг. Жишээлбэл Филиппин орны мисс гэхэд жилийн турш сургуульд сурч хэрхэн биеэ авч явах, хүнтэй яаж харилцах гээд бvх талын хичээлvvд заалгадаг юм билээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд өөрийгөө тал бүрээр хөгжүүлэхийг хичээж ирсний үр дүн гарсан. Би бэлтгэлийнхээ хажуугаар ажлаа хийж байсан учраас маш шахуу хуваарьтай байсан. Тэмцээнд явахын өмнөх өдөр шөнийн 04:00 цаг хүртэл бүжгийн бэлтгэлээ хийгээд ачаагаа баглаад хоёр цаг унтаад онгоцны буудал руу явсан. Би ядаж нэг өдөр амраад, тэмцээндээ явах гэсэн ч амрах цаг гараагүй. Харин онгоцонд тайван унтаж, амарч чадсан.

-“Дэлхийн мисс” тэмцээний оролцогч бусад охид хэр өрсөлдөгч байв. Тэмцээний шалгаруулалтын талаар ярихгүй юу. Таны хувьд аль орны миссийг тэргүүн титэм зүүнэ гэж бодож байв?

Энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээнд өөрсдийгөө өндөр түвшинд хөгжүүлсэн маш хүчтэй оролцогч олон байсан. Надад таван орны мисс түрүүлэхээр хэмжээний ижил түвшинд байгаа санагдсан. Би маш олон орны сайхан найзуудтай болсондоо баяртай байгаа. Хамгийн дотно найзууд гэвэл Орос, Украин, БНСУ, Франц, Мексик орны миссүүд.

-Ц.Энхжин маань бас “Жалам хар” бүжгээр гоцолсон шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач. Бусад орны миссүүд бүжгээ хэр хурдан сурсан бэ?

-Тэмцээнд очсоны маргааш нь бүжгийн шалгаруулалт болж, монгол үндэсний бүжиг шилдэг таван гоцолж бүжиглэх орны нэгээр шалгарсан. Анхны бүжгийн бэлтгэлийн үеэр бүжиг дэглээчид бүх хэсэг нь их таалагдсан учраас “Энэ бүжгийг бүтнээр нь оруулмаар байна” гээд хасалгүйгээр хамгийн урт хугацаагаар оруулсан. Бусад орны охид бас их сонирхож, миний хийж байсан бүжгүүдээс хамгийн хэцvv нь байна гээд л хажуугаар зөрөхдөө манай бүжгийн хэсгээс хийдэг байсан. Гэвч сүүлд нь хугацаа нь багтахгүй байсан учраас хасах шаардлагатай болсон юм.

-Та буриад хүн гэдгээ танилцуулга видеонд харуулсан байсан?

-Бид аль болох бүхий л төрөлдөө шилдэг хүмүүстэй хамтарч ажиллахыг хичээсэн. Тийм ч учраас танилцуулга видео дээрээ “Херо” энтертайнмент студийн хамт олонтой хамтарч ажилласан. Бидний хувьд энэ удаа монгол ард түмнийхээ нүүдэлчний ёс заншлыг ахуй талаас нь энгийн байдлаар харуулахыг хичээсэн. Өмнө нь мисс А.Баярцэцэг маань монгол бүсгүйчүүдийн эрэлхэг, дайчин зан чанарыг харуулж чадсан шүү дээ.

-Ард түмнээс шалтгаалах “Мултимедиа” төрөлд ялагч болсон шүү дээ. Уг шалгаруулалтын өрсөлдөөн хэр байв. Ар талд зохион байгуулах багт хэчнээн залуус ажилласан бэ?

-Миний ар талд ажиллаж буй багийг “Эдэн” дизайн компанийн дизайнерууд маань удирдаж, ажилласан. Манай дизайнерууд тэмцээний өдрүүдэд хонож, өнжин хичээж ажилласан. Мөн маш олон оюутан залуус болон өмнөх жилийн оролцогч мисс А.Баярцэцэгийн багийнхан тусалсан. Энэ бүхэн маань “Мултимедиа” төрөлд түрүүлэхэд тусалсан. Бусад орны миссүүдийн ард маш том баг ажиллаж байдаг нь харагдсан. Ер нь бусад орны миссүүдийн маань өөрсдийнх нь үүрэх ачаа нь бага байдаг юм билээ. Бараг юу ярьж, хэлэхийг нь хүртэл цаанаасаа бэлддэг юм шиг санагдсан. Миний бэлтгэлд маш олон хүмүүс тусалсан ч өөрсдийнхөө боломжоор л бүх зүйлээ бэлдсэн.

-Энэ жилийн оролцогч мисс маань “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” шалгуурт ач холбогдол өгч, шилдэг 20 орны миссийн нэгээр тодорсон. Уг зорилго тань биелсэн үү?

Миний “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцсон гол зорилго бол “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” шалгуур. Уг шалгуурт хүмүүнлэгийн төслөөрөө амжилттай оролцож, өөрийн дуу хоолойгоо илүү чангаар хүмүүст хүргэж, уриалах байсан. Энэ хүсэл маань биелсэн. Уг шалгуурын шилдэг 20 орны миссийн видео “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны цахим хуудас дээр тавигдсан. Мөн Дэлхийн миссийн холбооноос шилдэг 20 орноор шалгарсан оролцогчийн улсуудад очиж, туслахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Тийм учраас маш их баяртай байгаа.

-Багын хувцаслалт, биеэ авч явах тал дээрээ их анхаардаг охин байсан тухай аав тань ярьж байсан. Багын хүсэл мөрөөдөл тань биелж байна гэж ойлгож болох уу. Хэрхэн загварын ертөнцөд хөл тавьж байв?

-Манай ээж, аав намайг багаас нь бие даалгаж сургасан. Би гурван настай байхдаа л ахынхаа гутлын үдээсийг үдэж өгдөг байлаа. Би дөрвөн настайгаасаа эхлэн сургуулийн бэлтгэл ангид сурч эхэлсэн. Өмсөх хувцсаа өөрөө сонгоод бэлдээд, унтана. Тэгээд дараа нь Орос сургуульд ороод өөрөөсөө том толь бичиг гаргаад л хичээлээ хийгээд суучихдаг их идэвхтэй хүүхэд байсан. Би анх 11 настай байхдаа залуу хатагтай, ноёдын “Lady” төвд суралцаж эхэлсэн. Үүний дараагаар 15 насандаа “Залуу модель” тэмцээнд оролцож, анх тайзнаа алхсан.

-Тэмцээний үеэр Монголын оролцогч миссийг Хятадын мисс ч гэх юм уу, сөрөг хандлагууд гарч байсан. Мисс Ц.Энхжингийн хувьд үүнд хэр эмзэглэсэн бэ?

-Би урдах ажлаа л сайн хийх ёстой гэж боддог. Тийм учраас хүмүүсийн нүдэнд ил гарах дургүй байсан. Тэгээд энэ жил Монголдоо “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцоод түрүүлсний дараа гэнэт сөрөг комментууд анх хараад ээж бид хоёр их эмзэглэж байсан. Дараа нь бид хоёр арай өөр өнцгөөс хараад хүндээр тусгаж авахаа больсон. Томоохон тэмцээнд ганцаархнаа улс орноо төлөөлөн үүрэг хариуцлага үүрээд явж буй хүний сэтгэл зүйд хүмүүсийн сөрөг сэтгэгдлүүд их нөлөөлдөг юм шиг санагдсан. Тийм учраас миссүүдийн хувьд ч сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байхыг шаарддаг. Надад үргэлж урам хайрлаж, дэм өгч байсан хүмүүстээ баярлалаа.

-Та цаашид эх орноо төлөөлж олон улсын миссийн тэмцээнд оролцох уу?

-Миний хамгийн сүүлийн тэмцээн “Дэлхийн мисс”. Би одоо 24 настай. Миссийн олон улсын тэмцээнүүдэд 25 нас хүртлээ орж болдог. Миний хувьд хамгийн том тэмцээндээ орсон учраас урдах ажлаа л сайн хийхийг хичээнэ.

-Кинонд тоглох санал ирдэг үү. Тийм санал ирвэл тоглох уу?

-Саяхан кинонд тоглох санал хүлээж авсан гэхдээ би энэ тал дээр өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа болохоор татгалзсан. Дараа боломж нь бүрдвэл нэг кинонд чанартай, сайн тоглоно гэж бодож байна. Тэр хүртэл өөрийгөө сайн хөгжүүлж, бэлдэнэ.

-Мисс бүсгүйг найз залуутай эсэхийг асууж болох уу. Учир нь мисс бүсгүйчүүд олон улсын тэмцээнд ороход гэрлээгүй, хүүхэд гаргаагүй байх гэсэн шаардлагыг тавьдаг шүү дээ?

-Би найз залуутай. Бид хоёр үерхээд гурван жил болж байна. Найз залуу маань арван жилд хамт сурдаг байсан учраас багаасаа бие биеэ сайн мэднэ. Миний хувьд хувийнхаа амьдралыг дэлгээд байхыг хүсдэггүй.

-Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ. Бас иог, бясалгалаар хичээллэдэг гэж дуулсан. Иогоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?

Би аль болох эрүүл амьдралын хэв маягтай байхыг хичээдэг. Хүнд нойр, хоол хамгийн чухал. Тийм учраас зөв цагтаа хооллож, зөв амрах хэрэгтэй гэж боддог. Би сонирхогчийн түвшинд сүүлийн долоон жил иогоор хичээллэж байгаа. Миний хувьд хоолны тогтсон дэглэм баримталдаг. Бор гурил, бор будаа, жигнэсэн ногоо гэх мэт эрүүл аргаар боловсруулсан хоолыг гэртээ хийж идэх дуртай. Би өглөө сэрээд хамгийн түрүүнд гурван аяга ус уудаг. Ус өөрөө амьтай гэдэг шүү дээ. Тиймээс усандаа гоё үгс шивнэж уудаг. Үүний дараагаар 30 минут бясалгалаа хийгээд, өглөөний ундаа уудаг.

-Цаашдын зорилгоос тань хуваалцаж болох уу?

-Би “Эдэн” дизайн сургуультай болохыг зорьж байгаа. Манай компани хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг багаас нь хөгжүүлэх үүднээс хичээлvvд заана. Хүүхдүүд хог хаягдлаар өөрсдөдөө хэрэгтэй гэрлийн бүрхүүл, тавилга зэрэг янз бүрийн бvтээлvvд хийж сурна. Мөн их сургуульд заасан дизайны боловсролыг хялбар аргаар хүүхдүүдэд ойлгуулах сургалтыг явуулдаг болно.

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж