Том Заки бол хог хаягдал дахин боловсруулагч “TerraCycle” компанийн үүсгэн байгуулагч юм. Тэр энэхүү бизнесээ анх гараашаас эхлүүлж байсан бол хаа сайгүй хог болж байдаг бүхнийг дахин боловсруулж, одоо 24 сая ам.долларын бизнестэй болж чадсан байна. “TerraCycle” одоо “Procter & Gamble” болон “Colgate-Palmolive” зэрэг том компаниудтай хог дахин боловсруулах, ашиглах чиглэлээр хамтран ажиллаж газарт уул овоо шиг боссон хог хаягдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа юм.
Одоо тэрбээр хог хаягдлыг эдийн засгийн гол түүхий эд болгох амбицтай төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зорьж байна. Түүнд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь олон сая ам.долларын хөрөнгө хэрэгтэй. Сүү хүргэлтийн шилэн савнаас анх дахин ашиглалтын систем байгуулах санааг олж авсан Заки шампунь, зайрмаг, кофе зэргийг хуванцар сав биш олон удаа ашиглаж болох, авч явахад авсаархан, дахин боловсруулах савлагаатай болгохыг зорьжээ.
Түүний энэ санааг том компаниуд хүлээн зөвшөөрч хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
35 настай Том Заки өөрийн төлөвлөгөөг 2019 оны Дэлхийн эдийн засгийн форумд танилцуулахаар зэхэж байгаа аж. Эхний ээлжид түүнд “mom-and-pop”-ийн үйлчлүүлэгчдэд байгальд хог хаягдал хаяхгүй байхыг уриалахын зэрэгцээ арванхоёрдугаар сард 25 сая ам.долларын IPO босгох шаардлагатай.
Байгаль орчны бизнес эрхлэгчийн хувьд олсон ашиг нь байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй замаар олсон цэвэр байх ёстой. “TerraCycle” өнгөрсөн жил 19.4 сая ам.долларын орлого олсноос 500,000 ам.долларын цэвэр ашиг олсон юм. Харин энэ онд 24 сая ам.долларын орлого олсноос нэг сая нь цэвэр ашиг байжээ.
Закигийн ярьснаар үйлчлүүлэгчид болон хөрөнгө оруулагчид аль болох нүүрстөрөгч бага ялгаруулах бүтээгдэхүүн хүсдэг бол корпорацууд удаан хугацаанд тогтвортой үр ашгаа өгөх зүйлд хөрөнгө оруулдаг. Харин хэрэглэгчид зөвхөн амар хялбар зүйлийг л хүсдэг ажээ.
Том Заки Унгарт төрсөн боловч Канадад өссөн юм. Тэрбээр Принстоны их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж байсан боловч компани байгуулахаар 2001 онд их сургуулиа хаяжээ.
Бизнесийн эхний алхам нь ургамлын бордоо болгож өтөг бууц ундааны хуванцар саванд савлаж, “Home Depot” болон “Wal-Mart” сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалсан юм. Хэдийгээр өтөг бууцны авгалдайнууд хурдан үржиж түүнд ашиг авчирсан ч гэлээ түүний дараагийн алхам нь хог хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх илүү амбицтай төлөвлөгөө байв. 2011 оноос “TerraCycle” хүрээгээ тэлж, зарим түншүүд нь тэдний хөрөнгө оруулагч болсон юм.
Канадын “Progressive Waste Solutions Canada Inc” “TerraCycle”-ийн хувьцааны 20 хувийг худалдаж авсан. ” Түүгээр зогсохгүй “TerraCycle” Чикагогийн чийдэнгийн шил дахин боловсруулагч “Air Cycle”-д хувьцаа эзэмших болсны дараа ирэх оных нь орлого 7.5 сая ам.доллар болж өссөн байна.
Том Заки компани нь жилд 80 сая ам.долларын ашиг олдог болсны дараа хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Энэ санаа нь удахгүй биелнэ гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа юм.
Том Заки ирээдүйн зорилгодоо хүрэх эхний алхмаа төрөлх Трентон хотоос эхлүүлэхээр шийдсэн аж. Аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн энэ хот “Трентон үйлдвэрлэж, дэлхий худалдаж авдаг” гэсэн уриатай.
“TerraCycle” хог хаягдлыг дахин ашиглах санааг өөрийн компанид хэрэгжүүлсэн. Компанид боулингийн замаар хийсэн хурлын өрөөний ширээ, хувингаар хөл хийсэн, модон “хаалган” ширээнүүд, хуучин пянзаар хийсэн тусгаарлагч гээд өөр аль ч газрын оффист харагддаггүй өвөрмөц тавилгууд байдаг.