“News” агентлаг долоо хоног бүрийн ням гаригт “Сошиалаар сонин сайхан юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг. Өнгөрч буй долоо хоног улс төр, нийгэм, соёл урлагийн салбарт өрнүүн үйл явдалтай өдрүүд байв. Энэ тухай тоймлож, топ сэдэв тойрсон топ жиргээг хүргэе.
Топ 1
Агаарын бохирдлын голомт бүхий бүсэд ажилласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг бүх нийтээрээ тэмцэхийг уриаллаа. Тэрбээр агаарын бохирдлын хамгийн их бүс болох Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажилласан юм. Мөн Чингэлтэй дүүргийн 10 хороонд байрлах 39 дүгээр дунд сургууль, Баянгол дүүргийн 11 хороонд амьдрах иргэн Р.Адьяасүрэн болон Сонгинохайрхан дүүргийн 7, 10-р хорооны сонгосон газар ажилласанд цөөнгүй иргэдийг шүүмжлэлтэй хандав.
Топ 2
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд хилийн хориг тавьж, суллах шийдвэрийг өнгөрч буй долоо хоногт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр арваннэгдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө АТГ-аас баривчилж, саатуулсан юм.
Топ 3
Хувцас, загварын “Гоёл” наадам 30 дахь жилдээ зохион байгуулагдаж энэ үдэш /2017.11.29/ Соёлын төв өргөөний тайзнаа болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадмын топ моделиор Туяацэцэгийн Халиунаа тодорсон бөгөөд шагналыг анхны топ модель Э.Одгэрэл гардуулсан юм. Ирэх жилийн хувцас загварын тодорхойлдог уг наадмын үеэр “Алтжин” дотуур хувцсыг танилцуулсан загвар өмсөгч олны анхаарлыг татаж, сошиалын сэдэв болов.
А.Сүрэн