С.Зоригийн хэргийн материал хэзээ нууцаас гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.03-нд нийтлэгдсэн

С.Зоригийн хэргийн материал хэзээ нууцаас гарах вэ?

С.Зоригийн хэргийн материал хэзээ нууцаас гарах вэ?

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдүүдийг тогтоож, шүүхээс ял оноогоод буй. 19 жилийн дараа хэргийг үйлдэгч гурван этгээдэд ял оноож, хэргийн материалыг нууцын зэрэглэлд хамруулж, 20 жил нууцлахаар болсон. Тэгвэл шинэ Засгийн газар байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж томилогдсоноосоо хойш С.Зориг агсны амь насыг нь хөнөөсөн хэргийн материалыг ил болгох асуудлыг хөндөж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Ц.Нямдорж С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргийн материалыг ил болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн газраас материалын 90 гаруй хувийг ил болгох шийдвэрийг гаргасан юм. Төрийн нууцын тухай хуулийг 2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүчингүй болгож, Төрийн болон албаны нууцын тухай хууль болгон өөрчилсөн учраас шинэ хуулиар Засгийн газар нууцаас гаргах асуудлыг дэмжвэл шууд ил болох боломжтой болсон.  Өмнө нь Засгийн газрын нууцаас гаргах шийдвэрийг УИХ-аар хэлэлцдэг байсан билээ.

Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын хэргийн материал ил болно

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлд төрийн болон албаны нууцыг ил болгох үндэслэлийг тайлбарлажээ. Тодруулбал, дараах дөрвөн үндэслэлээр төрийн болон албаны нууцыг ил гаргах ёстой.

19.1 Төрийн болон албаны нууцыг дараах үндэслэлээр ил болгоно:

  • 19.1.1 нууцлах хугацаа дуусгавар болсон
  • 19.1.2 нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн болон албаны нууцад хамааруулсан тодорхой мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон
  • 19.1.3 тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон.
  • 19.1.4 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан нь тогтоогдсон.

Хуульд зааснаар Засгийн газар төрийн болон албаны нууцыг ил болгох асуудлыг шийдвэрлэж болохыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, ТЕГ-ын дарга нууцаас гаргах асуудлыг оруулж ирвэл Засгийн газар шийдвэр гаргаж, нууцаас ил гаргаж болох юм.

19.3 Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийг 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ гэжээ.

14926 хуудас хэргийн материал ил болно

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хавтаст хэргийн материалын Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн материалын 15 мянга гаруй хуудас эзэлдэг. Үүнээс 14926 хуудас нь ил болох юм байна. Харин 74 хуудас материал Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал учраас төрийн нууцад хэвээр үлдэнэ. Хэргийн материалын зарим хэсэг нууцаас гарснаар  хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг энгийн хэргийн архивт шилжих юм. Нэгэнт Засгийн газар шийдвэр гаргасан учраас хэргийн материал хэзээ, яаж ил болох вэ гэдэг асуулт урган гарч буй. Тэгвэл Улсын дээд шүүх нууцаас гаргах асуудлыг судалж, хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг эцэслэх юм байна. Улсын дээд шүүхээс цаашид энэ хэргийг нууцаас гаргаснаар танилцах, өмгөөлөгч нарыг нууц материалын талаар ярихгүй байх асуудлыг нь гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч нар нь төрийн нууцын материалыг ил болгох боломжгүй гэсэн бичигт гарын үсэг зурсан байсан учраас өнгөрсөн хугацаанд нэг ч удаа мэдээлэл хийгээгүй юм. Тиймээс Улсын дээд шүүхээс энэ асуудлыг судалж,  өмгөөлөгч нарын асуудлыг шийдэхээр судлах юм байна.

Захиалагчийн хэрэг нууц хэвээр үлдэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр энэ хэргийн захиалагч нь хэн бэ гэдгийг тодруулах нь зүйн хэрэг. Гэхдээ захиалагчийг тагнуулын байгууллага нууц байгаа эсвэл хэрэгт холбогдогч гурван этгээд нууж байгаа юу гэдэг нь тодорхойгүй байгаа. Уг хэргийн захиалагчид хамаарах хавтаст хэргүүд улсын нууцад хэвээр үлдэж буй. Салбарын сайд нь энэ талаар  ‘Захиалагч нь хэн бэ гэдгийг хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байна. Нууцын асуудлын талаар тодорхой тайлбар өгөхгүй‘ гэсэн юм. Хуулийн байгууллагын шалгалтын ажил үргэлжилж байгаа. Захиалагч нь нууц хэвээр үлдэх үү эсвэл задрах уу гэдэг одоогоор хариултгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж