Японы Токио хотноо болж буй жүдо бөхийн “Tokyo Grand Slam 2017” тэмцээн өнөөдөр өндөрлөнө. 61 орны жүдоч оролцож буй тус тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаан болж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, 78, +78 кг-ын жингийн аваргууд тодорно.
Энэ цагт хэсгийн барилдаан өндөрлөж, медалийн төлөө өрсөлдөх жүдочид тодорлоо. Монгол Улсаас 81 кг-д О.Ууганбаатар, Н.Давгасүрэн, 100 кг-д О.Цэцэнцэнгэл, +100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар барилдсанаас хоёр бөх алт болон хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ.
81 кг-д өрсөлдөж буй О.Ууганбаатар финалд шалгарсан бол Н.Давгасүрэн хүрэл медалийн төлөө барилдана.
Энэ жинд нийт 40 жүдоч өрсөлдөж байгаагаас ‘С’ хэсэгт О.Ууганбаатар БНСУ, Румын, Бразилын бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсон. Тэгвэл “D” хэсгээс Н.Давгасүрэн Тажикистан, Япон, Францын бөхчүүдийг ялж, мөн хэсгийн аварга болсон юм. Монгол Улсын бөхчүүд “С”, “D” хэсгийн аварга болсноор хагас шигшээд оноолт таарахад О.Ууганбаатар нэмэлт цагт /7 минут/ нэг торгуулиар ялалт байгууллаа.
О.Ууганбаатар БНСУ-ын Лээ Сун Хотой аваргын төлөө барилдах бол Н.Давгасүрэн Португалын Э.Анритай хүрэл медалийн төлөө барилдана.
Мөн 100 кг-д О.Цэцэнцэнгэл, +100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар барилдсан бөгөөд манай бөхчүүд хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 15.00-с эхэлнэ.
ШУУД ҮЗЭХ: https://live.ijf.org
Ч.БОЛОР