"Пунцагийн Жасрай миний өвөө"

Хуучирсан мэдээ: 2017.12.03-нд нийтлэгдсэн

"Пунцагийн Жасрай миний өвөө"

"Пунцагийн Жасрай миний өвөө"

Фейсбүүк найзууддаа амласан ёсоор Аюушийн Ариунзаяагийн бичсэн ‘Пунцагийн Жасрай Миний өвөө’ номын тухай ‘өнгөтөөр’ ярьж өгье. А.Ариунзаяа бол П.Жасрайн гуайн ууган ганцохины том нь юм байна. Өөрөөр хэлбэл, Жасрай гуайг өвөө болгосон хүн бол Ариунзаяа аж. П.Жасрай гуай цагтаа Үндэсний стаститикийн хорооны дэд даргын албыг нэр төртэй хашиж байсан бол А.Ариунзаяа яг одоо Монголын Үндэсний стаститикийн хорооны даргын албан тушаал хашиж байна. Билэгшээлтэй сайхан хэрэг юм. Цагтаа өвөөгийнхөө удирдаж байсан албыг зээ охин нь хашиж сууна гэдэг хэн хүнд тохиох хувь тавилан биш.

Энэхүү номын эхний хэсэг бол ургийн бичиг хэлбэрээр бичигджээ. П.Жасрай гуайн үүх түүхийг дэлгэрэнгүй оруулсан байна. Говь-Алтай аймгийн унаган хүү гэдгээс нь өөрөөр “халуурч”дэлгэрүүлээд яах вэ. Тухайн үед гурван хүүхэдтэй айлын нэг хүүхдийг сургуульд заавал явуулах “нормтой”. Уг нь ах Махбариад нь явах байж. Ах нь мал хуйд илүү сонирхолтой тул ахын сургуулийг ацаглах үүрэг Жасрай гуайд ногдсоноор энэ хүн Монгол улсын Ерөнхий сайдын алба хүртэл замнасан байх юм. Бас л сонин хувь тохиол.

МУИС-ийн түүхийн ангийн шалгалтыг хэрхэн өгсөн нь сонирхолтой. Орос хэлэнд “а” ч үгүй байсан Жасрай бусад хоёр хичээлээ давтаад, тэртээ тэргүй орос хэл дээрээ унана гэж тооцжээ. Тэгтэл байсан айлынх нь хажуугийн айлын охин орос хэлний шалгалтанд нь тусалж.

-Чи орос хэл огт мэдэхгүй юм уу?

-Огт мэдэхгүй.

-Чи ядахдаа Я гэж мэдэхгүй юу?

-Мэдэхгүй. Юу гэсэн үг юм бэ?

-Би гэсэн үг.

-Өөр нэг үг хэлээд өг?

-Глагол

-Юу гэсэн үг вэ?

-Үйл үг гэсэн үг. Бас Писать гэж үгийг цээжилчих. Ингээд цагаар хувиргаад яв… гэх мэтээр “хичээл” заажээ. Азаар “Глагол” гэсэн сэдэв ирж, Жасрай гуай мэддэгээ туутал “Хор” гэсэн оноо авчээ. “Хор” байхдаа яах вэ дээ гэж эгдүүцэн гарч иртэл “Чи сайн авсан байна” гэж найзууд нь “орчуулж” өгчээ.

Дараа нь Москвад эдийн засагчаар сурсан нь бас их сонирхолтой санагдлаа. Хүүхдүүдээс дуулснаар дээд тоо л хамгийн хэцүү нь гэжээ. Орос хэлэндээ гавихгүй тул хэлний бэлтгэлд сууя гэтэл багш нар улсын мөнгө чиний тоглоом юм уу гэж загнаад хавьтуулсангүй гэнэ. Ингээд шууд нэгдүгээр ангидаа оржээ. Орос хэл ч, дээд тоо ч шаггүй л байж. Оюутны байрнаас хичээлийн байр хүртэл нэг цаг метрогоор явна. Метронд тувт ном шагайна. Хичээлээсээ ирээд амандаа юм хийсэн болоод номын санд хаатал нь суудаг байж. Ингээд эхний хагас улирлаар дээд тоондоо сайн бусдыг нь онц өгчээ. Чингэж хичээл номондоо дадаад явчихаж. Нөгөө айгаад байсан дээд тоо нь явж явж хамгийн дуртай хичээлийнх нь нэг болж. Их тоо бодож суух нь жаргал юм шиг санагдах үе бишгүй байсан байна. Москвагийн статистикийн дээд сургуулийн багш нар сүүлд нь “Та нар Монголоос ирсэн П.Жасрай шиг сур” гэж оюутнуудад хэлж байжээ.

Хазгар өвгөнд эрдэм бий. Хамаагүй басаж болохгүй гэж Ц.Дамдинсүрэн гуай захьж хэлсэн байдаг. Түүн шиг нэгэн сонин яриа нэгдүгээр курсээ дүүргээд нутагтаа ирсний дараа болжээ. Нутгийн “жалга” Дамдин гэж өвгөн ирээд Жасрайгаас сургууль соёл, хичээл номыг нь асууж л дээ. “Ижил тооны санамсаргүй олонлогоос зүй тогтлыг нь тоогоор илэрхийлж болдог” гэж ярьтал “Чи миний эрүүл мэнд, санаа сэтгэл, хувь тохиолыг тоогоор илэрхийлж чадах уу?” гэтэл Жасрай гуай “Боломжгүй” гэтэл өвгөн “Яагаа ч үгүй байна даа, хүү минь. Дамдин жилд 365 хоног унтана, сэрнэ, босно, 30-40 удаа амьсгална. Ингэхээр ганц гэдэг чинь бүхэл бүтэн олонлог байгаа биз дээ. Бурхны шашны философид нэг дүрээр илэрч байгаа юмны дотоод онцлогийг судлан санамсаргүйгээс зайлшгүйг нь тодорхойлдог юм” гэж насаараа үл мартах “хичээл”-ийг зааж өгчээ. Нутгийн өвгөчүүл “Орос газар их хол байх даа. Бодвол Сүмбэр уулыг тойрч очдог байлгүй” гэж түүнээс асуудаг байж.

1990 онд Бага хурлын сонгуульд Э.Бат-Үүлтэй өрсөлджээ. Гэтэл Э.Бат-Үүл одоогийн хэлдгээр шуудхан л гүжирдээд дайрчихаж гэнэ. Эрдэнэтийн Ш.Отгонбилэгийн тухай нэвтрүүлгийг баруун, солгойгүй цацаж сонгуулийн сурталчилгаагаа хийж гэнэ. Үүнийг нь харж дургүйцсэн П.Жасрай гуай нэрээр татсанаар Э.Бат-Үүл Бага хурлын гишүүнээр сонгогдож байж.

П.Жасрай гуай бол шинэ Үндсэн хуулиар томилогдсон анхны Ерөнхий сайд. Түүнийг энэ нэр хүндтэй албанд дэвшүүлж, намыхнаа ятгасан хүн нь Б.Даш-Ёндон гуай юм байна. “Энэ хүн Монгол эх орноо бүхэлд нь харж чадаж байгаа цөөхөн хүний нэг” гэж бусдадаа хэлж байжээ. 1992 онд МАХН ялсны дараа Б.Даш-Ёндон Ц.Гомбосүрэн, П.Жасрай хоёрыг дуудан “Ерөнхий сайд бол” гэж тулгажээ. Ц.Гомбосүрэн гуай “Би яасан ч Ерөнхий сайд хийхгүй, өөр ажил бол болно” гэж. Ингээд шийдэлд хүрэлгүй салж. Гэтэл маргааш нь П.Жасрай гуайг Ерөнхий сайд бол гэж тулгажээ. П.Жасрай гуай өөрөө болох дургүй байж. Тэрээр харин Т.Очирхүүг Ерөнхий сайдад тохирно гэж бодож байжээ. Тэгтэл тухайн үед залуучуудын жигүүрийнхэн буюу хожим “Үнэн” сонины эрхлэгч хийж байсан Ц.Ганбат “Та за гэх дургүй байгаа бол дуугүй сууж бай” гэжээ. Ингэж түүнийг Ерөнхий сайдаар томилжээ.

П.Жасрай гуай өөрийгөө улс төрч биш гэж хэлдэг байж. Энэ нь улс төрийн ном тусгайлан судлаагүй гэсэн утгаар хэлсэн үг бололтой. “Гэвч төрөлхийн хар ухаанаар миний хүндлэлийг хүлээдэг улс төрч мөн” гэж Б.Даш-Ёндон гуай хэлсэн байна.

Ерөнхий сайдын албыг хүлээн авахад 1990 оноос эхлэн эдийн засаг жил тутам унан, арван жилээр ухарсан. Инфляци жилийн 320 хувьд хүрсэн. Санхүүжүүлж чадаагүй зардал тухайн үеийн ханшаар 160 сая төгрөг, гадаад өр 115 сая доллар болж, лангуу хоосорч, иргэд картаар бараа авдаг болсон байв. Энэ үед хар гоймон, шороон давснаас өөр зүйл лангуун дээр байхгүй байсан даа. П.Жасрай гуайн кабинет үнэ ба гадаад валютыг чөлөөлж, хувьчлалыг эрчимжүүлж, ОУВС-ийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдсанаар энэ бүх хүндрэлээс гаргаж, 1996 оны хавар гэхэд улсын санд 5,5 тонн алттай, 120 сая ам.доллартай байснаар барахгүй, одоо ч яригддаг “алдарт” үгийг хэлсэн юм. “ИЙМ ШИЙДВЭРТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА. ГАШУУН Ч ГЭСЭН ЭНЭ ЭМ ЭДИЙН ЗАСГИЙГ САЙЖРУУЛНА. ҮҮНИЙ ДАРАА ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ ХАРАГДАНА” гэж хэлжээ. Хонгилын үзүүрт гэрэл харагдана, яваад очтол Жасрай зогсоно гэх мэтээр хошигнодог “хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэдэг үг ийн дэлгэрчээ. Их тооцоотой. Энгийн байдлыг эрхэмлэдэг хүн байж. Конторт нь засвар хийе гэхэд “Зардал их гарна” гээд хавьтуулаагүй юм гэдэг.

Тэрээр өдөрт 16-18 цаг ажиллачихаад гялалзаж явдаг. Ой тогтоолт маш сайтай. П.Жасрай гуай насаараа суралцсан хүн аж. “Сурах эрмэлзлээр шатсан авьяаслаг, хичээл зүтгэлтэй хүнд энд хүрээд зогсъё хэмээх хаалт байдаггүй” гэх Бетховений үгийг хэлэх дуртай байсан гэдэг.

Цүнхэндээ тооны машин, шугам хоёр байнга авч явдаг хүн байж. Тооны машинаар тоо тооцоогоо бодно, шугамыг нь хүснэгт дээрээ тавьж тоонуудаа дүн шинжилгээ хийнэ, түүндээ үндэслэн бодлогоо тодорхойлдог байж. Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улааныг олж, таньсан хүн бол П.Жасрай гуай аж. Москва хотноо аспирантурт суралцаж байхад нь дуудан ирүүлж, Засгийн газарт ажиллахыг үүрэг болгосон гэдэг.

Ерөнхий сайд байхад хөдөө орон нутгаар ажиллаад ирэхдээ 30 орчим мөнгөн аягатай ирнэ. “Та алийг нь авах вэ?” гэхээр “Бүгдийг нь фондонд өг” гэдэг байж. Ер нь түүнээс хойш дарга нар бэлгээ фондонд өгөхөө больжээ. Иймд комиссар нь нэг удаа торго, заан хоёрыг харуулбал “Дууяад өгчих /эхнэр нь. Эхнэртэйгээ Москвад оюутан байхдаа танилцсан/. Заан нь их хөөрхөн юм” гэж байжээ. П.Жасрай гуай зааны цуглуулгатай байж. Тэрбээр нэг костюмнаасаа үл салах. Комиссар нь нэг удаа тэсгэлгүй энэ тухай хэлж дээ. “Дарга аа, наад костюм чинь элэгдэж сэмрээд хэцүүхэн болжээ” гэхэд “Тийм байна уу? Би биед эвтэйхэн болохоор нь өмсөөд байдаг юм. Нэг юм бодъё доо тэгвэл” гэж байж. Ийм л баяжиж, хөрөнгөжихийг мэдэхгүй, энгийн сайхан хүн байж дээ.

1996 оны сонгуульд МАХН цөөнх бол, П.Жасрай гуай УИХ-ын сул гишүүн болжээ. Гэр нь Хүүхдийн 100-д байх. Ирж, очихдоо тувт алхаж явна /тухайн үед энэ нь сонин дээр гарч байсныг би харж байсансан/. Оросын их өрийг олон жил хөөцөлдсөн хүн нь П.Жасрай гуай аж. Н.Энхбаяртай ирж өрийг шийдээд тэнд сурч байсан комиссар асандаа “Нөгөө 1995 онд Черномырдинтай ярьсан асуудлаа одоо л нэг дуусгалаа даа” гэж хэлж байжээ. Мөн хожим нь энэ тухай “Өөрийн амьдралын баярт мөчүүдийн нэг, тэр цагийг үзсэнээрээ би азтай хүн” гэж хэлж байжээ. Энэ асуудал одоо болтол өөр “автортой” явдаг билээ л.

П.Жасрай гуай гурван хүүхэдтэй байсан. Том охин Дэлгэрмаа нь харьцангуй эрт нас барж. Бага хүү Жанцан нь бас эрт явсан. Жанцан гуайг би хувьдаа хүндэлдэг байсан. Их энгийн яриа хөөрөөтэй, хүнийг гол шилдэггүй хүн байсан. Одоо ууган хүү Хичээнгүй нь ТОСК-ийн дарга хийж байна даа.

П.Жасрай гуай их сургуулийн оюутнуудад хоёр цаг ямар ч цаас харалгүй лекц уншаад “МИНИЙ ХЭЛСЭН ТООНУУД БҮРЭН БАТАЛГААТАЙ ШҮҮ. ТАСЛАЛААС ӨМНӨХ НЬ ХӨДЛӨШГҮЙ. ТАСЛАЛААС ХОЙШИХОД НЬ ГАНЦ НЭГ ӨӨРЧЛӨЛТ ОРЖ БОЛОХ” гэж өндөрлөдөг байсан байна.

Миний хэлсэн тоонууд бүрэн баталгаатай… Ийм л үлгэр дууриал авмаар сайхан хүн байж дээ.

Эх сурвалж: AMARTUVSHIND.BLOGSPOT.COM

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж