Төрийн ордныг гаднынхан амилуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Төрийн ордныг гаднынхан амилуулна

Ерөнхийдөө ажин түжин болсон Төрийн ордныг шинэ долоо хоногоос  гаднынхан “амилуулах” гэж байна. Долоо хоногийн эхээр орон орны монголч эрдэмтэд ордны Их танхимд чуулах бол түүний дараа долоо хоногт АНУ-ын дэд Ерөнхийлөгч, БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалууд цуварна. Үүнтэй зэрэгцээд хөдөөгүүр тойргоо эргэж наадам өртөөлж яваа эрхэм гишүүд наашлах бололтой.

Хэдийгээр албаны хүмүүс “Чуулган зарлах бодит шалтгаан байхгүй” хэмээж буй ч Тавантолгойн ордыг ашиглах , төсвийн тодотгол хийх гээд чухал асуудлыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын дундаас хойш хийж магадгүй байна. Хаврын чуулган өндөрлөхөд УИХ-ын даргын гишүүддээ хандаж “Ажил, амралтаа зохицуулаарай. Ээлжит бус чуулган зарлаж магадгүй” гэсэн үг захисан. Ямар боловч өнгөрсөн баасан гаригаас  УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ээлжийн амралтаа эдлээгүй байсан хүмүүсийг яаралтай амруулахаар болжээ. ”Тэр нь сарын сүүлээр ямар нэг юм болж мэднэ гэсний дохио” хэмээн ордныхон ярьж байна. Гишүүдийн туслахууд өдөр тутам шахам өрөө тасалгаагаа эргэж байгаа. Тэд “Гишүүдийг амралтаа цэгцэлж байгаарай гэж дээрээс хэлсэн” хэмээн бичиг цаасыг нь эмхэлж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхийдөө төрийн “голомтыг” сахиж байна.

Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын нэлээд гишүүн энэ сарын 15 хүртэл амраад байгаа. Тэд эргэж ирмэгц Тавантолгойн асуудлыг УИХ-д оруулах бэлтгэл ажлыг хангахаар болсон тухай дуулдаж байна. Засгийн газар уг асуудлыг бэлэн болгож Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлбэл УИХ-ын ээлжит бус чуулган чуулахад саадгүй болох шинжтэй. Иймээс ээлжит бус чуулган Засгийн газрыг хүлээж байгаа юм байна. УИХ-ын дарга энэ сарын 20-ны орчим амралтаа өндөрлүүлж Ховд аймгаас ирнэ. Тэр хавьцаа гишүүдээ ерөнхийдөө бэлэн байлгахыг УИХ дахь намын бүлгүүдэд мэдэгджээ.

Засгийн газрын танхимаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сургууль, цэцэрлэгийн засвар, сурах бичгийн хангалт гээд зав багатай яваа бол Д.Зоригт сайд Тавантолгойн ажлыг эхлүүлж, шатахууны нийлүүлэлт хөөцөлдөж бас л завсар чөлөө муутай яваа харагдана. Ямар боловч наймдугаар сарын 20 гэхэд төрийн алба жигдрэн янзтай байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж