Монголын жүдочид хоёр мөнгөн медальтай удаалав

Хуучирсан мэдээ: 2017.12.02-нд нийтлэгдсэн

Монголын жүдочид хоёр мөнгөн медальтай удаалав

Монголын жүдочид хоёр мөнгөн медальтай удаалав

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээн Японы Токио хотноо болж байна.  “Tokyo Grand Slam 2017” тэмцээнд 61 орны 417 жүдоч \эрэгтэй 243, эмэгтэй 174\ оролцож байгаагаас өнөөдөр хөнгөн жингийн медальтнууд тодорлоо.

Токиогийн Их дуулгын эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорсон. Олимп, дэлхийн медальтнуудыг эгнээндээ багтаасан Японы хүчирхэг баг бүх жиндээ түрүүлж, долоон алтан медаль хүртсэн бол манай улсаас хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар дэд байранд орлоо. Тэгвэл Канадын баг нэг мөнгөн медаль хүртсэн бол БНСУ гурав, Франц, Словений баг нэг хүрэл медальтай жагсаалтын эхний тавд бичигдсэн юм.

Манай улсаас өнөөдөр 11 жүдоч татамид гарснаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг нар мөнгөн медаль хүртлээ.  Мөн 73 кг-д Г.Одбаяр V, 66 кг-д Д.Төмөрхүлэг VII байр эзлэв.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн олимп, дэлхийн аваргын хүрэл медальт М.Отгонцэцэг хоёрдугаар тойрогт БНСУ-ын Кан Юү Ёонд ялагдан тэмцээнээ дуусгажээ.

Токиогийн Их дуулгад олон шилдэг жүдочид ирсэн ч Японы бөхчүүд хүчирхэг гэдгээ дахин нотоллоо. Тэмцээнийг зохион байгуулагч орны жүдочид эхний өдөр долоон алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн гайхалтай амжилтыг үзүүлж, Монголын баг хоёр мөнгөн медальтай удаалав. Канад, БНСУ, Франц, Словений баг медаль хүртсэн амжилтаараа III-VI байрт бичигдлээ.

Жин бүрт 26-аас дээш бөх барилдаж байгаа бөгөөд хамгийн олон нь эрэгтэйчүүдийн 73 кг-д 46 бөх барилдсан юм.

Тэмцээний хуваарийн дагуу маргааш эрэгтэйчүүдийн 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, 78, +78 кг-ын жингийн аваргууд тодорно.

Манай улсаас 81 кг-д О.Ууганбаатар, Н.Давгасүрэн, 100 кг-д О.Цэцэнцэнгэл, +100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн хүнд жинд манай бүсгүйчүүд барилдахгүй юм.

ШУУД ҮЗЭХ: https://www.ijf.org

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж