Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өчигдөр/2017.12.01/ ОХУ-ын Чебоксар хотод эхэлсэн. 16 дахь удаагийн тус тэмцээнд шилдэг найман баг өрсөлдөж байгаагаас өнөөдөр медалийн төлөөх барилдаанууд үлдлээ.
Дэлхийн цомын финалд Япон, БНХАУ-ын баг шалгарсан бол хүрэл медалийн төлөө Монгол, АНУ-ын багууд шалгаран үлдсэн.
Дэлхийн цомын ‘А’ хэсэгт Япон, ОХУ, АНУ, Швед, ‘В’ хэсэгт Монгол, БНХАУ, Азарбайжан, Укрианы багууд багтсан юм.
Манай бүсгүйчүүд эхний тойрогт Азарбайжаныг 6:2-оор, удаах тойрогт мөн Укрианыг 6:2 онооны харьцаагаар илт давуу хожсон. Харин гуравдугаар тойрогт Хятадын багт 5:3 онооны харьцаагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ.
Манай бүсгүйчүүд Хятадын багтай барилдахад Дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаа, шинэхэн дэлхийн аварга П.Орхон болон залуучуудын дэлхийн аваргын медальт А.Батцэцэг нар ялалт авчирсан юм. Энэхүү шийдвэрлэх барилдаанд Олимпийн хүрэл, дэлхийн аварга С.Батцэцэг болон Э.Сумъяа, Э.Гантуяа, Н.Отгонжаргал, Б.Чимгээ нар өрсөлдөгчдөө ялагджээ.
ДЭЛХИЙН ЦОМ-2017-ын медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 22.00-с эхэлнэ.
Алтан медаль: БНХАУ – Япон
Хүрэл медаль: Монгол – АНУ
V байр: Укриан – ОХУ
VII байр: Азарбайжан – Швед
ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org
Ч.БОЛОР