Манай сайт нь 2017 оны зургадугаар сард “Тусгаар тогтнолын хувьчлал 3,0 Ипотек хэмээх их бизнес” нийтлэлийг бусад эх сурвалжаас авч өөрийн сайтад гаргахдаа мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж үзээгүйгээс “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн нэр хүндэд халдан, олон нийтэд төөрөгдөл өгөх, ташаа ойлголт төрүүлэх мэдээлэл түгээсэндээ хүлцэл өчиж, энэхүү залруулгыг гаргаж байна.
“МИК ОССК” ХХК нь 2006 онд байгуулагдсанаас хойш Монгол улсын орон сууцны санхүүжилтийн зах зээлийн бүтцийг шинэ шатанд гаргах, олон улсын чиг хандлагатай уялдуулан өргөжүүлэх зорилготой ажилладаг байгууллага юм байна.
Иргэдийн орон сууцны зээлийн эрэлт хэрэгцээг хангах чиглэлээр МИК-аас гаргасан үнэт цаас болох ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) -ын үр шимээр нийт 90 мянга гаруй айл өрх зээлийн хүүгийн хөнгөлөлт эдэлж, шинээр орон сууцтай болж, ахуй амьдралаа сайжруулаад байгааг бид анзааралгүй олон нийтэд ташаа мэдээлэл хүргэжээ.
МИК-ийн үйл ажиллагаа бүхэлдээ орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээл болох урт хугацааны үнэт цаасны зах зээлийн эхлэлийг тавьж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах, бонд эзэмшигч нарын өмчлөлд буй үнэт цаасны төлбөрийг цаг хугацаанд нь найдвартай төлөх тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэж ажилладаг онцлогтой аж. Тус байгууллагын үйл ажиллагааны энэхүү онцлогийг мэдээгүйн улмаас үйл ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлэх нийтлэл түгээжээ.
Бидний зүгээс цаашид “МИК ОССК” ХХК-тай холбоотой мэдээ, мэдээлэл түгээхдээ эх сурвалжаа нягтлан бодит байдалд нийцсэн эсэхэд анхаарч ажиллана гэдгээ энэхүү залруулгаараа мэдэгдэж байна.
“News.mn”