Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид хордлогод орсон хэрэг энэ сарын 30-нд гарсан. Өндөр хэмээр халууран гүйлгэж, бөөлжсөн гэх ижил шинж тэмдгээр өвдсөн хүний тоо 27 болсон. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр, тэдний 21 нь Дархан-Уул аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан хэвтэн эмчлүүлж буй бол үлдсэн зургаа нь гэртээ өрхийн эмчийнхээ хяналтад байгаа аж. Эмнэлэгт хэвтсэн 21 хүнээс хоёрынх нь биеийн байдал өчигдөр /2017.12.02/ хүнд байсан бол өнөөдрөөс өвчтөнүүдийн бие сайжирч эхэлжээ.
Улаанбаатар хотоос очсон нарийн мэргэжлийн эмч нар эдгээр 21 хүнийг үзээд тоосонцроор дамжсан хүнд металлын хордлого авсан байж болзошгүй гэх таамгийг гаргасан байна. Ажилчдаас авсан шинжилгээний хариу бүгд нарийвчлан гараагүй ч, угаартсанаас гадна амьсгалын замаар химийн ямар нэгэн бодисоос хордсон гэх урьдчилсан оношийг эмч нар тавьжээ.
Одоогоор Төмөрлөгийн үйлдвэрийн Цувих, Ган бөмбөлөг, Засвар үйлчилгээ гэсэн гурван цехийн ажилчид халуурч, бөөлжин, гүйлгэх хордлогын ижил шинж тэмдгүүд илэрсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тухайд хоёр нь эмэгтэй бөгөөд 20-45 насныхан гэлээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гарсан ажлын хэсэг болоод Дархан-Уул аймгийн Онцгой байдлын алба, Эрүүл мэндийн газрын төлөөллүүд багтсан албаныхан Төмөрлөгийн үйлдвэрт тархсан байж болзошгүй химийн хорт бодис бусад элементүүдийг нарийвчлан судалж буй юм. Тэд удахгүй үйлдвэрийн ажилчид олноороо юунаас хордов гэдгийг эцэслэн тогтооно.