АНУ-д умай шилжүүлэн суулгасан бүсгүй хүүхэд тээж, төрүүлжээ. Ийм гайхалтай үйл явдал хэдэн жилийн өмнө Шведэд анх гарсан аж. Харин АНУ-ын хувьд анхных нь гэнэ.
Төрөлхийн умайгүй төрсөн боловч анагаах ухааны ололт, дэвшлийн ачаар умай шилжүүлэн суулгуулсан эмэгтэй Даллас хотын Бейлор их сургуулийн эмнэлэгт амаржиж, анхны хүүхдээ төрүүлсэн байна.
Тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч Крейг Сивал өчигдөр /2017.12.01/ дээрх мэдээллийг батлан мэдэгдсэн бөгөөд хувь хүний нууцыг хадгалах үүднээс эмэгтэйн нэрийг нууцалжээ. Төрөлтийн талаар ирэх даваа гаригт хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байна.
Бейлорын их сургуулийн харьяа эмнэлэг өнгөрсөн хэдэн жилийн турш умай шилжүүлэн суулгах талаар судалгаа явуулж, улмаар өнгөрсөн жилийн аравдугаар сард дөрвөн эмэгтэйд умай шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ гэж мэдэгдсэн юм. Гэвч гурван эмэгтэйн умайд цусан хангамж дутагдаж байгаа тул эргүүлэн авахаас аргагүйд хүрчээ. Түүнээс хойш дахин ижил төрлийн мэс засал хийсэн эсэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй юм.
“Time” сэтгүүлд мэдээлснээр Бейлорын эмнэлэг нийт найман эмэгтэйд умай шилжүүлэн суулгасан. Тэдний нэг нь одоо жирэмсэн байгаа гэнэ.
Шведийн эмч Матс Брэннстром шилжүүлэн суулгасан умайд үр тогтоож, амжилттай төрүүлсэн анхны эмч ажээ. Тэрбээр ийм аргаар таван эмэгтэйг үр хүүхэдтэй болгож өгсөн ачтан гэнэ.
С.ЦЭЛМЭГ