С.Жаргал Клубүүдийн ДАШТ-ий арын албанд ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.12.02-нд нийтлэгдсэн

С.Жаргал Клубүүдийн ДАШТ-ий арын албанд ажиллана

С.Жаргал Клубүүдийн ДАШТ-ий арын албанд ажиллана

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал FIFA-гийн томоохон тэмцээний арын албанд ажиллахаар болжээ. Тодруулбал, Арабын нэгдсэн Эмиратад энэ сарын 6-16-нд болох Клубүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудад зохион байгуулагчаар /Match commissioner/ ажиллахаар сонгогдсон байна.

Клубүүдийн ДАШТ-д тив бүрээс шалгарсан багууд, дээр нь зохион байгуулагч орны дотоодын лигийн аварга баг нэмэгдээд, нийт долоон клуб цомын төлөө өрсөлддөг.

Энэ жилийн тухайд Европ тивээс “Реал Мадрид” /Испани/, Ази тивээс “Ураву Рэд Даймонд” /Япон/, Африк тивээс “Видад Касабланка” /Марокко/, Өмнөд Америк тивээс “Гремио” /Бразил/, Далайн орнуудаас “Аукланд сити” /Шинэ Зеланд/, Төв болон Хойд Америк, Карибын тэнгисээс “Пачука” /Мексик/ гэсэн багууд оролцоно. Зохион байгуулагч орноос “Аль-Жазира” клуб дээрх шилдгүүдийн эгнээнд нэгдэх юм.

С.Жаргал нь “Инчён-2014” Азийн наадамд 15 тоглолт зохион байгуулагчийг удирдаж ажилласнаас гадна Зүүн Азийн болон Зүүн Өмнөд Азийн наадамд ажиллаж байсан. Түүнчлэн 2017 оны Азийн аваргуудын лигийн хагас шигшээ, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны найман тоглолтыг зохион байгуулсан туршлагатай ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж