Нойтон цас хаялсан Москвагийн үдэш, хотын зүрхэнд орших Кремлийн ордны Соёлын танхимд дэлхийн хөлбөмбөгийн ногоон талбайн хамгийн чухал, хамгийн алдартай эрхмүүд цуглав.
ОХУ-д анх удаа зохион байгуулах Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны 21 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалааны ёслол орон нутгийн цагаар 18.00 /Улаанбаатарын цагаар 23.00/ цагт эхэлж, сая сугалаа тодруулж дууслаа.
FIFA-2018: ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ СУГАЛАА:
Хамгийн хүчирхэг багуудыг багтаасан, хамгийн өрсөлдөөнтэй хэсгийг ҮХЛИЙН ХЭСЭГ гэж нэрлэдэг. Айсуй дэлхийн аваргын хувьд D хэсгийг “үхлийн” гэж тодотгож болно.
Сонгон шалгаруулалтын шатнаас мултрах шахсан ч Аргентины шигшээ арвин намтар түүхтэй. Европын хүчирхэг баг Хорват, Африкийн шилдэг Нигерийн багийг нэгтгэсэн энэ хэсэг хамгийн ширүүн өрсөлдөөнтэй байх нь гарцаагүй. Түүнчлэн Исландын багийг дутуу үнэлж болохгүй. 300 мянга гаруй хүн амтай энэ орны баг анх удаа дэлхийн аваргад оролцох эрхээ авсан ч Европын аварга шалгаруулах тэмцээнд ямар амжилт гаргасныг мартаж болохгүй.
А хэсэг:
- ОХУ
- САУДЫН АРАБ
- ЕГИПЕТ
- УРУГВАЙ
В хэсэг:
- ПОРТУГАЛ
- ИСПАНИ
- МАРОККО
- ИРАН
С хэсэг:
- ФРАНЦ
- АВСТРАЛИ
- ПЕРУ
- ДАНИ
D хэсэг:
- АРГЕНТИН
- ИСЛАНД
- ХОРВАТ
- НИГЕР
Е хэсэг:
- БРАЗИЛ
- ШВЕЙЦАР
- КОСТА РИКА
- СЕРБИ
F хэсэг:
- ГЕРМАН
- МЕКСИК
- ШВЕД
- БНСУ
G хэсэг:
- БЕЛЬГИ
- ПАНАМ
- ТУНИС
- АНГЛИ
Н хэсэг:
- ПОЛЬШ
- СЕНЕГАЛ
- КОЛУМБ
- ЯПОН
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд, дэлхийн өнцөг булан бүрт 871 тоглолт болсны эцэст шилэгдсэн 32 баг ирэх жил Оросыг зорих эрхээ авсан. Аваргын цомын төлөөх өрсөлдөөний өнгө зүсийг тодорхойлох сугалааны арга хэмжээг тэд амьсгаа дараа хүлээсэн нь гарцаагүй.
Ёслолын арга хэмжээг нээж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлсэн. Төрийн тэргүүн өөрийн биеэр хүрэлцэн ирснээс харахад Орос орон энэ тэмцээнд ямар их ач холбогдол өгч байгааг харж болно.
Харин сугалааны үйл ажиллагааг Английн шигшээ багийн довтлогч асан, Английн хөлбөмбөгийн амьд домог Гари Линекер удирдан явуулсан. Түүний хамт Оросын хөлбөмбөгийн тайлбарлагч Мария Командная ажиллаж, дэлхийн аваргаас түрүү хүртсэн найман орны домогт тоглогчид сугалаа тодруулахад тусалсан юм. Диего Марадона /Аргентин/, Кафу /Бразил/, Фабио Каннаваро /Итали/, Карлес Пуйоль /Испани/, Гордон Бэнкс /Англи/, Лоран Блан /Франц/, Диего Форлан /Уругвай/, Мирослав Клозе /Герман/ нарын ногоон талбайд гайхамшиг урлаачид нэгэн тайзнаа цугласан. Түүнчлэн “Спартак Москва” клубын довтлогч асан, 91 настай Никита Симонян бас нэгэн чимэг байв.
Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болно. Тэмцээний тоглолтууд Оросын нийт 11 хотын 12 цэнгэлдэхэд зохиогдох хуваарьтай. Шигшээ тоглолт долдугаар сарын 15-нд Москва хотын алдарт Лужники цэнгэлдэхэд болохоор төлөвлөгджээ.
С.ЦЭЛМЭГ