Тэргэнцэртэй л болохоос ажиллах чадвар байна

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Тэргэнцэртэй л болохоос ажиллах чадвар байна

Тэргэнцэртэй л болохоос ажиллах чадвар байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон олон улсад тэмдэглэсээр ирсэн. Дээрх өдрийг угтан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран өчигдөр /2017.12.01/ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчдын сайн туршлагыг түгээх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэг өндөрлөсний дараа Сангийн яамны спорт зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын анкет бөглөв. Есөн дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилчид анкетыг бичүүлж авав. Ажлын анкет бөглөхөөр ирэх хүмүүсийн тоо, минут өнгөрөх тутам л ихсэж байлаа.

       ХАРИЛЦАХ ХЭЛМЭРЧ БАЙДАГГҮЙ

“Би хөгжлийн бэрхшээлтэй гэх тодотголтой хүмүүсийн л нэг. Өмнө нь олон газар ажиллаж байсан ч, ажлын хамт олонтой  харилцах нь надад  хамгийн хүнд байсан. Ажилд орох гээд очихоор надтай харилцах хэлмэрч байдаггүй. Хэлмэрч л байхгүй бол хэнтэй ч харилцаж чадахгүй шүү дээ. Өөрийгөө мэргэжил эзэмшсэн гэдгийг батлах, мэргэжлийн үнэмлэхтэй ч  ажил олддоггүй. Үүний шалтгаан нь сонсох чадвараа 100 хувь алдсан учраас л тэр байх даа” гэж  ярих  Ж.Наранмандах 29 настай. Тэрбээр мужаан болон, компьютер програмист чиглэлээр ажлын анкет  бөглөхөөр хэлмэрч хийх найзын хамт иржээ. Олон байгууллагад ажлын анкет бөглөдөг ч, эргээд холбогдох газар тун ховор байдаг гэв.

                      ТЭРГЭНЦЭРТЭЙ Л БОЛОХООС НАДАД АЖИЛЛАХ ЧАДВАР БАЙНА

Д.Буян-өлзий  “Ажилд орох гэхээр тухайн байгууллагын шат, лифт, ариун цэврийн өрөө зэрэг нь хүндрэлтэй байдаг. Дэд бүтцийн эдгээр асуудлыг   шийдчих  юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирийн хүмүүс шиг ажиллаж чадна. Тэргэнцэртэй л болохоос надад ажиллах чадвар байгаа. Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг гаднаас нь харж дүгнэдэг. Бид нар шиг тэргэнцэртэй, сонсголгүй эсвэл хараагүй хүмүүсийг гаднаас нь хараад дүгнэдэг учраас ажилд авдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн бусад хүмүүсийн адил хөдөлмөр эрхэлж, өрх гэрийн орлогоо нэмэгдүүлж, бусдынхаа нэгэн тэгш эрхтэй амьдрах ёстой гэдгийг  хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна” гэсэн юм.

                    ХҮН АМЫН 3.7 ХУВЬ НЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БАЙНА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн  хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганболд “2016 оны байдлаар 100993 буюу нийт хүн амын 3.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Сүүлийн жилүүдэд барилга, уул уурхайн ослоос болж  олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ихсэж байна. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 57 хувийг эзлэх болсон.  Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань  өөрийн сонирхож буй ажилд анкет бөглөж байна. Үүний дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  ажилд холбон зуучлах, сургалтад  хамруулах зэргээр  олон  ажил хийнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчныг сайжруулахаар  Барилга зам тээврийн яамтай хамтраад үнэлгээ хийлээ. Ихэнх  газар хангалтгүй үнэлгээтэй гарсан. Эдгээр албан байгууллагуудын төлөөллийг сургалтад  хамруулсны үндсэн дэр зарим  албан газрууд орчноо сайжруулаад эхэлж байна” гэж ярилаа. 

                         УУЛЗСАН ч ЭРГЭЭД ХОЛБОО БАРЬДАГГҮЙ

Д.Нямсамбуу зураг даруулахгүй ч яриа өгч болно гэж байлаа. Тэрбээр “Би өөрөө цахилгаанчин мэргэжилтэй.  Авто ослын улмаас саажилттай болсон. Гэртээ зүгээр суулгүй, ажил хийхийг хүсдэг. Ажлын зар хараад утсаар холбогдоход ирээд анкет бөглөөрэй гэдэг. Гэхдээ уулзсаны дараа эргээд холбоо барьдаггүй. Ямар ч байсан ажлын анкет бөглөөд үзнэ дээ. Үнэхээр ажил олдвол сайхан л байна” гэж итгэл муутайхан хэлж байлаа.

Уг нь Хөдөлмөрийн хуульд 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэсэн заалт байдаг аж. Дээрх заалтыг мөрдөөгүй тохиолдолд албан байгууллагууд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгууль төлөх ёстой. Гэвч дээрх хуулийн заалт  хэрэгжих нь тун ховор байдаг аж. Үүнд нөлөөлдөг зарим нэг шалтгаан байдаг бололтой. Тухайлбал, тэргэнцэртэй хүн ажилд орлоо гэхэд түүнд зориулж, шат, ариун цэврийн өрөөнөөс эхлээд бүхий л дэд бүтэцдээ,өөрчлөлт хийх шаардлага тулгардаг. Энэ нь эргээд мөнгө шаарддаг, тиймээс шинээр баригдах барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах стандартыг хангасан байхаас эхлээд аж ахуйн нэгж албан байгууллага бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж хөдөлмөрлөх бололцоог хангасан стандарт орчныг давхар бүрдүүлж өгөх шаардлага тулгарч байгаа нь ийн харагдлаа.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж